P2009-08-02 - Монголчууд 1910, 1920-иод оны эхээр Дэлхийн хэд хэдэн улсын Үндсэн хуулийг орчуулж байсан байна. Энэ тухай бүтээл гаргасан болно.
Хууль зүйн үндэсний төв, МУИС-ийн ХЗС-ийн Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв, Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи хамтран монголын эрх зүйн түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг судалж нийтийн хүртээл болгох ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. 2006 онд “Түмэн улсын ердийн цааз” хэмээн монгол хэлээр орчуулсан 1836 онд Америкийн хуульч, дипломатич Хенри Вытоны туурвисан “Олон улсын эрх зүйн элементүүд” (Elements of International Law) зохиолыг 1864 онд хятад хэлээр орчуулсан зохиолын орчуулгыг монгол бичгээс орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэн нийтийн хүртээл болгосон билээ. Магадгүй түүхэн эх сурвалжуудын заримыг дахин хэвлэж нийтийн хүртээл болгосон байхыг үгүйсгэхгүй бөгөөд XX зууны эхэн үед тусгаар тогтносон Монгол Улсыг улсын дайтай улс болгохын төлөө бидний өвөг дээдэс цусаа урсгаж тэмцэж байснаас гадна оюун санааны хувьд хичнээн их эрэл хайгуулж хийж байсныг нотлох, мөн нөгөө талаар нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хүрээнд судлахад эдгээр эх сурвалжын үнэ цэн буураагүй юм. Нэн ялангуяа ХХ зууны эхэн үед монголчууд тусгаар тогтносон Хаант Монгол Улсыг байгуулахад дэлхийн улсуудын төрийн тогтолцоо, гадаад, дотоод бодлогын үндсийг богино хугацаанд судалж Улсын хурлын байгууллага, төрийн захиргааны төв байгууллагуудын бүтэц эрх хэмжээг хуулиар тогтоосон нь тухайн цаг үеийн дэлхийн өндөр хөгжилтэй гэгдэх орнуудын төрийн байгууллын нийтлэг хэв шинжийг бүрнээ харгалзсаны томоохон илрэл болно. Монголчуудын хувьд XX зууны эхэн үед дэлхий улсуудтай эн тэнцүү харилцах, тэдгээрийн түүхийн хөгжил, төр, эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг тандан судалж, бие даасан тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байгуулах явдал тухайн үеийн нийгмийн сэхээлэг бүлгийн туйлын зорилго байжээ. Ингэж дүгнэхэд хүргэсний учир нь нэгд, манж, хятадын залгамж чанар бүхий төрийн хатуу бодлого, хоёрт, хар, шар феодал, хөрөнгөтний үзэл сурталыг үгүйсгэх нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлого тэдгээр сэхээлэг хэсгийн оюуны санааны эрэл хайгуулд саад болсонгүй. Өнөөдөр бидэнд мэдэгдснээр 1911 оноос хойш Богд хааны даалгавраар тухайн Америк, Европын зарим нэгэн орнуудын Үндсэн хуулиудыг олж судлан, орчуулж “Умард Америкийн Холбоот улсын хэмжээт Үндсэн хуулийг 1787 оны Сентябрь хэмээх сард тогтсон нь эдүгээ цагийн олон улсад хэрэглэж буй шинэ хэмжээт засгийн Үндсэн хуулийн анх нь мөн хэмээвээс зохимуй” гэж дүгнэсэн нь эл үеэс Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны шан тавигдсан гэж үзэх үндэслэлтэй. Харин хожим нь 1924 оны анхдугаар Үндсэн хууль батлагдахаас өмнө “Орос нийгэм журамт холбоот бөгөөд Зөвлөлийн засагт бүгд найрамдах улсын Үндсэн хууль” болон бас хэд хэдэн улсын Үндсэн хуулийг орчуулсан судалгааны мэдээ байна. Өөрөөр хэлбэл, зарим эрдэмтэдийн бүтээлд Герман, Франц зэрэг улсын Үндсэн хуулийг орчуулсан гэж дурдсан ч энэ удаад бид тэдгээрийг олж хэвлүүлж чадсангүй. Тэгэхлээр монголчууд гадаадын орнуудын Үндсэн хуулийн эрх зүйн үндсэн эх сурвалж болох “Үндсэн хууль”, бусад холбогдох эх сурвалжийг 1910 оны эхэн үед орчуулсан бөгөөд уг эх сурвалжийн “Олон улсын Үндсэн хуулийн оршил” хэмээх хэсэгт “Энэхүү дундад зууны үест байгуулсан хурал журган сэлтээр эдүгээ манай одоо цагийн улсын хурал[1] лугаа огт адилгүй бүлгээ. Тэр цагийн хуралд оролцсон ямар язгуурын төлөөлөгчид аваас мөнхүү өөрийн харьяат язгуур ангийн ашиг тусыг эрхлэн бодож, өөрийн язгууртны онц эрхийг сахих ажгуу. Тайж язгууртан, худалдаачин, язгууртан, лам нар хэмээх мэт буюу. Энэ мэтийн суртал хууль Венгерт 1848 онд хүртэл, Шведэд 1866 он хүртэл байсан. Финлянд, Мекленбург (нем. Mecklenbuerg) хоёрт бүр өдгөө хүртэл байсаар амуй” гэснээс “манай одоо цагийн улсын хурал” гэж онцлон өгүүлсэн “Улсын дээд, доод хурал”-ыг хэлж буй бөгөөд энэ нь он цагийн хувьд 1914 оноос хойшх хугацааг өгүүлсэн байна. 1914 онд “Хурлын Дээд, Доод хурлын газрын найман зүйлийн дүрэм” хэмээх эрх зүйн актыг хааны зарлигаар баталж мөрдүүлсөн болно. Дараа нь МАХН, АЗГ нь Үндсэн хуулийн төсөл боловсруулан бэлтгэх ажлыг 1922 оноос эхэлжээ. 1922 оны 5-р сард АЗГ-ын 21 дүгээр хурлын тогтоолоор ШЯЯ-ны сайд байсан Магсаржаваар толгойлуулсан тусгай комисс байгуулж, Ардын засгийн хууль, дүрмийн төсөл боловсруулах ажлыг уул комисст үүрэг болгожээ. Гэвч тэрхүү комисс “Үндсэн хууль”-ийн төсөл боловсруулах үүргийг заасан хугацаанд биелүүлж чадаагүй. Ийм учраас 1922 оны 12-р сард хуралдсан АЗГ-ын гишүүдийн 56-р хурлын тогтоолоор хууль, дүрмийн төсөл боловсруулах Магсаржав тэргүүтэй дээрх комиссыг татан буулгаж хуулийн төсөл боловсруулах үүргийг АЗГ-ын дэргэд байгуулагдсан хууль цааз эмхлэх хэлтэст шилжүүлэн өгчээ. “Үндсэн хууль” боловсруулах анхны комисс Англи, Швед, Бельги, Голланд[2] зэрэг хөгжингүй орнуудын “Үндсэн хууль”-ийг орчуулан “Европийн боловсон улсуудын хууль, дүрмийг харгалзана” гэсэн үзэл баримтлалттай байжээ. Ингэж судалсны үр дүнд Хаант Улсын төрийн байгуулалт нь тухайн үеийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр 1911 онд хааны зарлигаар “Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам” гэсэн 5 яамыг, 1914 онд Улсын дээд, доод хурлыг тус тус байгуулсан байна. Мөн 1912 онд Засгийн газрын эрхтэйгээр Бүгд Ерөнхийлөн захирах яамыг, мөн Гаалийн хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэгч яамыг байгуулж 1915 онд татан буулгасан ажээ. Гадаад орнуудын Үндсэн хуулиудын орчуулгыг “Олон улсын үндсэн хуулийн оршил ба Англи, Америк, Япон, Норвеги улсын үндсэн хуулийн хамтарсан дэвтэр” хэмээх нэгэн дэвтэрт багтааж, “Олон улсуудын хэмжээт засгийн Үндсэн хуулиудын учир” гэсэн гарчиг бүхий оршил бичсэн. Уг оршилын агуулга нь дэлхийн улс орнуудад Үндсэн хуульт засаглал тогтоосон тухай түүхийг товч өгүүлснээс гадна, Үндсэн хуульт хаант засаглал, бүгд найрамдах засаглал хэрхэн тогтоосон болохыг харьцуулан шинжилсэн судалгааны өгүүлэл болно. Энэхүү орчуулга нь Америк, Ази, Европ тивд Үндсэн хуульт Бүгд найрамдах улсын хэлбэрийг сонгосон улс орнуудын Үндсэн хуулийг нэг бүрчлэн судалж орчуулсан байна. Ингэж орчуулахдаа Үндсэн хуулиудад гарч буй гарч буюу улс орон, газар нутгийн нэрийг “Мэй”, “Э” гэх мэт хятадны дуудлага бичлэгээр бус славян төрлийн аль нэг хэлээс орчуулсан нь тодорхой байна. Орчуулгад гадаад улс орнуудын улс, хотууд, хүний нэрийг Прусс, Ольденбург, Хессен, Франкфурт, Нидерланд, Финлянд, Мекленбург, Англи, Руссо, Франц улс XVI Людовик гэх мэтээр шууд бичсэн нь хятадаас орчуулаагүй болохыг нотолно. Гэхдээ монгол бичгээр гадаад нэр томъёог буулгахдаа алдсан нь цөөнгүй Тухайлбал, нэг хүний нэр, эсхүл овгийг номын янз бүрийн хэсэгт өөр өөрөөр бичсэн явдал түгээмэл ажээ. АНУ-ын анхны ерөнхийлөгч Вашингтоны нэрийг нэг бол Жорж, нэг бол Георгий гэсэн байна. Үндсэн хуулийн оршил хэсэгт дэлхийн улсуудын эрх зүй, төрийн байгуулалтын асуудлыг дэлгэрэнгүй өгүүлсэн нь одоогоор мэдэгдээд байгаа 10 гаруй орны Үндсэн хуулийг орчуулсан гэж үзэх бүрэн үндэстэй ч тухайн үеийн Үндсэн хууль, түүнтэй адилтган үзэж болох эрх зүйн актуудыг нэлээд хэмжээгээр судалсан байна. Бид та бүхэнд цаашид монголын эрх зүйн болон сэтгэлгээний түүхэнд холбогдох сурвалжуудыг судалж мэлмийд тань өргөх болно. Эрхэм уншигч таны таалал оршиг. [1] Одоо цагийн Улсын хурал — 1914 оны 3 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Улсын дээд, доод хурлын газрын найман зүйлийн дүрэм”-ийн ёсоор байгуулсан Хаант Монгол Улсын дээд, доод хурлыг хэлж буй. [2] Санждорж М. Монгол төрийн түүхээс. Дэд дэвтэр. УБ., 2007. 121 дэх тал. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2011-02-20 - gogo
Бичсэн: Зочин |
|
Бичлэг |
P2010-10-05 -
Бичсэн: Зочин |
usa undsen huuli anh heden ond uussen bas butets uud bas hunii erhiin zarchimuud heregtei bn sh d bas finish |
Бичлэг |
P2010-05-05 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-03-09 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2009-12-11 -
Бичсэн: хуульч (зочин) |
хөөеэ энэ Япон улсын Үндсэн хуулийн оршил нь хэрэгтэй байна ш дээ |
Бичлэг |
P2009-08-02 -
Бичсэн: cheburushka |
2006 онд “Түмэн улсын ердийн цааз” хэмээн монгол хэлээр орчуулсан 1836 онд Америкийн хуульч, дипломатич Хенри Вытоны туурвисан “Олон улсын эрх зүйн элементүүд” (Elements of International Law) зохиолыг 1864 онд хятад хэлээр орчуулсан зохиолын орчуулгыг unshsan bilee, haraahan sudlaachiin tuvshind id shidiig ni gargaagui l bna, oortoo.
olon ulsiin erh zuin oyutnii surah ermelzeliig, sudalgaanii dalaitsiig orgojuulsen saihan buteel gej boddog. |
Бичлэг |
P2016-11-10 -