P2007-05-29 - Богд хаант Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд Манжийн

Богд хаант Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд Манжийн
эрх зүйн соёл, сэтгэлгээ уламжлагдсан нь 
 
Оршил
 
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарласны дараа төр, улсаа төвхнүүлж хэдэн зуун жил хэвшсэн манжийн төрийн хэв ёсыг халж устгах ажил монгол төрийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байсан бөгөөд эл хүрээнд шинэ улсын хууль цааз боловсруулж мөрдөх явдал хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байсан бололтой. Мөн Богд хаант Монгол улсыг тунхагласан нь монголчуудын төр, хууль зүйн сэтгэлгээ сэргэн мандахад нэн таатай нөлөө үзүүлсэн юм. Юуны түрүүнд барууны буюу Өрнийн эрх зүйн үзэл, сэтгэлгээ, соёл нэвтрэх, түүнийг тусган хүлээж авах боломж нээгдэв. Гэсэн хэдий ч Манжийн төр мөхсний дараа монголчууд төр, улсаа төвхнүүлэх эхний жилүүдэд 200 гаруй жилийн хугацаанд мөрдөж, нийгмийн ухамсарын түвшинд хэвшсэн хууль цааз, эрх зүйн соёл, сэтгэлгээг богино хугацаанд халж өөрчлөх боломжгүй байсан бололтой. Монголчуудын хувьд туурга тусгаар Монгол улсыг байгуулах тухай үзэл санаа түүхийн ямар ч үед илэрч байсан язгуурын үзэл сэтгэлгээ байсан бөгөөд 1709 оны “Гурван хошууны Их цааз”-ын тахил шүлэгт “…төр хийгээд, улс дэлгэрэн, аль муу үйлийн нэрийг дурдахын төдий ч тун үгүй болгоод сэтгэл амууж …”[1] гэж манжийн эрхшээлд орсны дараа ч мөн л хууль цааздаа илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл туурга тусгаар байх үзэл санаа монголчуудад өвөг дээдсээс нь уламжлагдсан мөнхийн сэдэв болж төлөвшсөн юм.
Монголын дэвшилтэт үзэлтэй төр, шашны зарим зүтгэлтэн (Ханддорж, Чагдаржав, Цэрэнчимэд) 1911 оны VII сард халхын том ноёд, лам нарын нууц хуралдааныг зохион байгуулж, Хаант Оросоос дэмжлэг авч улс орныхоо тусгаар тогтолын төлөө тэмцэх асуудлыг хэлэлцэж зөвшилцөж, улмаар зарим төлөөлөгчдийг (Ханддорж, Чагдаржав, Хайсан) илгээж байв. 1919 онд ДИУ Монголын Автономийг цуцалж өөртөө нэгтгэсний дараа тэдгээр зүтгэлтнүүд ДИУ-ын эрхшээлээс бүрэн ангижрах арга замыг идэвхтэйгээр эрэлхийлж байжээ. Жалханз гэгээн “Мин улсын их түшмэл сайдууд лугаа учирч тусламж гуйхад Америк улсын Андерсен Местер хэмээх худалдааны гэрийн наймаачин хүн Ларсан лугаа хэлэлцэж, түүнийг мухар тэргээр өвлийн эхэн сарын шинийн гурванд сэмээр мордов. Энэ үед зарим “. . . хүмүүсээс Япон улсаас тусламж эрвээс амар түргэнээр тусалж чадмой. Америк улсын нутаг хол, явдал хийх удаан тул амжихгүй . . .”[2] гэсэн санал гарч байсан бол Дорно, Өрнө дахин рүү тэмүүлэх сэтгэлгээ нэлээд гүнзгийрсний илрэл мөн.
Орос улсаас Их хүрээнд сууж байсан консул В.Лавдовский 1911 оны 7-р сарын 1-нд Их хүрээнд Ар монголын дээд лам, ноёд, Өвөр монголын төлөөлөгчдийн оролцоотойгоор нууц зөвлөгөөн хийж, Манж-Чин улсын шинэ засгийн бодлогыг хэрхэх тухай зөвлөлдөж байхад Бээжин дэх Оросын элчин сайд Коростовецид хандаж: “...хэрэв бид монголчуудыг өмгөөлөхөөс татгалзвал өөр гүрэн гарч ирээд монгол дахь бидний байр суурийг эзлэхийг үзэж магадгүй юм”[3] гэж мэдэгдэж байсан нь монголын үндэсний ардчилсан дэвшилтэт үзэлтнүүд зөвхөн Орос төдийгүй дэлхийн олон улс руу ялангуяа өрнөдийн орнууд лугаа холбогдох эрмэлзэл, сэтгэлийн эхлэл сэжүүрийг анзаарч байсныг гэрчлэх буй заа. Үүний нэг жишээ бол өрнөдийн зарим улстай харилцаа тогтоох оролдлого хийсэн, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Түвдтэй найрамдал, харилцан дэмжих гэрээ байгуулсан, Монголын тусгаар тогтнолд өөр бусад гадаад түшиг тулгуурыг эрж олох, энэ зорилгоор Дотоод яамны сайд Цэрэнчимэдийг Японд томилсон[4] зэрэг юм.
Өдгөө Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын эрх зүйн түүхэнд холбогдох “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг” хэмээх хууль цаазын эх сурвалжийг эл үеийн хамгийн гол эх сурвалж гэж судлаачид үзсээр ирсэн. Үүнийг нь үгүйсгэхийн аргагүй юм. Гэтэл энэхүү цаазыг зохиолгохоор 1915 онд Богд хааны зарлигаар комисс байгуулж[5] Манж Чин улсын үеийн "ерөнхий хууль 100 дэвтэр, тусгай хууль 180 дэвтэр, цэргийн дүрэм 69 дэвтэр, эрүү шүүлтийн хууль 47 дэвтрийг орчуулан ашиглаж, мөн монголын эртний хууль зүйг баримтлан” [6] 1918 онд уг хуулийг зохиож, хэлэлцэн батлах үе үндсэндээ дуусаж хэвлэх ажиллагаа эхэлжээ. Энэхүү "ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг"-ийн 51 дэвтэр нь “Манжийн хуучин хуулийн заалтыг Монголын төрийн уламжлалын дагуу өөрчлөн найруулсан…”[7] бөгөөд Монголын уламжлалт хууль цаазад анх удаа төрийн байгууллагууд бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага, түшмэлийн зэрэг дэв, цалин пүнлүү зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ. 1918 онд уг цаазыг бүрэн хэмжээгээр мөрдсөн гэж үзвэл 1911 оноос хойш 1918 оныг хүртэл Богд хаант Монгол улсын нийгмийн харилцааг хэрхэн, ямар эрх зүйн эх сурвалжаар зохицуулж байсан бол гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Профессор Г.Совд эл үед “Монголын нутаг дээр эртний эрх (халх журам) Манжийн эрх (Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг) Богд хаант улсын засгийн газраас гарсан актууд. Ийм гурван төрлийн эрхүүд зэрэгцэн үйлчилж байсан”[8] гэж дүгнэсэн байна.
Богд хаант Монгол улсын Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны “Олноо өргөгдсөний тэргүүн оноос нааш олон яамнаас айлтгаад тогтоосон ба тусгайлан зарлиг буулгаж нийтээр дагаж буй хэргийн товчоо дэвтэр” хэмээх данс бүртгэлд 1911 оноос 1917 оны 4 сар хүртэлх хугацаанд хааны зарлигаар тогтоосон хууль цаазын шинжтэй 63 бичиг бүртгэгдэж байжээ[9]. Тэдгээрийн нэг нь 1913-1919 оны хооронд “Таван яам хамт нийлж хувьсган тогтоож айлтгаад, одоогийн дагаж шийтгүүлэн буй хууль дүрмийн дэвтэр бичиг” буюу “Жинхэнэ дагаж явах хууль дүрэм”[10] хэмээх 12 зүйл бүхий эрх зүйн актыг эмхтгэн мөрдөж байжээ. Өөрөөр хэлбэл “ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг”-ийг хүчин төгөлдөр мөрдөх хүртэлх нийгмийн харилцааг зохицуулахад чиглэсэн эрх зүйн актууд юм. Энэхүү хууль, дүрмийн дийлэнх хувийг лам нартай холбоо бүхий зохицуулалт эзэлж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд тэдгээртэй холбоо бүхий нийгмийн эерэг болон сөрөг үзэгдлүүд нэлээдгүй гарч байсных юм. И.М.Майский “Автономит Монгол дахь санваартан язгуур эхнэргүй байхаа андгайлсан олон тооны зөвхөн лам нараас бүрэлдэнэ. Монголчууд хоёр хүүгийнхээ нэгийг лам болгодог заншилтай болохоор лам нарын тоо замаа алджээ”[11] гэж тэмдэглэсэн, мөн 1918 онд “Автономит Монголын монгол хүн амын яс тоо хагас саяас ялимгүй илүү (542504 хүн амтай байсан)”[12], “Тус оронд байгаа лам нарын нийт тоо 115 мянгад хүрдэг...”[13] гэсэн түүхийн мэдээнд үндэслэвэл нийт хүн амын бараг гуравны хоёр нь бурхны шашны лам хувраг байсан ажээ.
Ийм л нийгэм, улс төр, хууль цаазын орчин бүхий төр, улс байгуулагдаж байсан үед Манж Дай Чин гүрний эрх зүйн соёл, сэтгэлгээ хэрхэн уламжилж хөгжүүлсэн болохыг эл үед мөрдөж байсан “Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм” бусад хууль цаазын эх сурвалжид түшиглэн өөрийн өгүүллээ хүүрнэхийг хүсэж байна.
 
Нэг. Хууль цаазын зохицуулалтыг уламжилсан нь
 
Өгүүлэлийнхээ эхэнд манжийн үеийн хууль цаазын уламжлалыг авч хэрэглэхгүй байхын аргагүй нөхцөл байдал буй болсныг цухас өгүүлснийг зарим нэгэн жишээнд тулгуурлан өгүүлэхэд
1. “Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм”-ийн 1-р зүйл (Аливаа Нийслэл хүрээнээ сууж дацан, аймагт захирагдан хурал сургууль үйлдэж бүхий мяндагтан ба гэлэн, гэцэл, санваартантай буюу гэнэн боловч, хурал сургуулийн ба албан хаах лам нарыг хэргийн учир зарлан байцаах шүүх хэрэг тохиолдвоос урьдаар Эрдэнэ Шанзудбагийн яамнаа мэдэгдэх тухай дүрэм.)-ийн дүрмээр бурхны шашны лам, хуврагийг гэмт хэргийн улмаас шүүн хэлэлцэхдээ юуны өмнө Нийслэл хүрээний Эрдэнэ Шанзудбагийн яаманд урьдчилан мэдэгдэж, хэрэв шашны өндөр хэргэм зэрэгтэн бол Хамба Номун ханд сонсгон зөвшөөрөл авдаг байжээ. Өөрөөр хэлбэл аливаа шүүн таслах, байцаан шийтгэх эрх бүхий төрийн албан тушаалтан бурхны шашны лам, хувраг, өндөр хэргэм зэрэгтнийг өөрийн дураар шууд байцаан шүүх эрхгүй. Ингэж нэг талаас хориглосон хэм хэмжээ тогтоон, нөгөө талаас Бүгд Ерөнхийлөн захирах зэрэг зургаан яам, Шашин төрд туслах сайдууд, Нийслэл Хүрээний Хамба Номун хан, Эрдэнэ Шанзудба, Зүүн хоёр аймгийн чуулганы дарга, Баруун хоёр аймгийн суурин жасааны гүн, түшмэд, Нийслэл Хүрээ, Маймаа хотын Монгол, Иргэдийн хэргийг захиран шийтгэх түшмэл Лувсанцэрэн нарт тус бүр уг хэм хэмжээг дагаж мөрдөх тухай үүрэгжүүлсэн хэм хэмжээ тогтоосон байна. Ингэж бурхны шашны лам хуврагад аливаа этгээд дур мэдэн халдахгүй байх эрхийг хуульчлан баталгаажуулсан нь “Хоёр ёсны сургаал”[14]-ын “Номын засаг”-ыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэс нь болж өгсөн байна. Өөрөөр хэлбэл бурхны шашны үзэл буюу номын засгийг хэрэгжүүлэгчдийн эрхийг хуулиар хамгаалах гэсэн нь олон зуун жил тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсан монголчуудыг уг үзэл номлолын хүчээр нэгтгэн, тусгаар тогнолоо сэргээн, бататгах гэсэн төрийн бодлого байсан бололтой. Гэтэл энэхүү зөвшөөрөл авах тухай зохицуулалтыг “ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг”-т оруулаагүй байна.
2. Энэхүү “Жинхэнэ дагаж явах дүрмүүдэд” Хүрээ, сүм хийдийн газар эмэгтэй хүн хэрхэн бие авч явах, мөн тэдгээрт баримталбал зохих аливаа үйлийг нарийвчлан зохицуулсан байна. 12-р зүйл (Аливаа лам нар хороо харчуудын газраа хольцолдон муу самуун явахыг нь цагдан цээрлүүлэх учраа тогтоосон гучин хоёр зүйлийн дүрэм.)-ийн Тэргүүн зүйлд хүрээнд эмс, охид хольцолдон суух, хороо харчууд (энгийн харц хүн) лам нартай арван тавны газрын дотор муу самуугаар явахыг хориглосон байна. Хэдийгээр хориглосон хэм хэмжээ тогтоосон ч хэрхэн ямар хариуцлага ногдуулах тухай уг дүрэмд заасангүй. Гэтэл лам нарын суусан Хүрээнд эмс, охид хольцолдон суухыг хориглосон заалт нь Манжийн 1795 оны “Монгол цаазын бичиг”-ээс эх үндэстэй бөгөөд үүнийг уламжлан “ЗТГМТЗЯЯ-ны Хууль зүйлийн бичиг”, “ЗТМУ-ийн Хууль зүйлийн бичиг”-т тус тус зохицуулсан байна. Энэхүү зохицуулалтыг харьцуулан авч үзвэл:
 
Аливаа лам нар Хороо харчуудын газраа хольцолдон муу самуун явахыг нь цагдан цээрлүүлэх учраа тогтоосон гучин хоёр зүйлийн дүрэм
mongγol čaγajin-u bičig (Эх бичгийн судалгаа) Тэргүүн дэвтэр. УБ., 2004.227-228 дахьтал.
Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг. 1441 дүгээр зүйл. Хөх хот. 1989 он.
ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг. УБ., 1997. 147 дахьтал.
 
Хүрээний дотроо эмс, охид хольцолдон суухыг хэдийнэ цаазалсан ба мөн Хүрээний олон лам банди нарын дотроос ойр тойрон Хороо харчууд, гол хөдөө, арван тавны газарт сэлгүүцэн оршиж муу самуун явсан лам нарыг нэгэнт байцаан хураалгаж Хүрээнд оруулан чангалан захирсны тулд үүнээс урагш Хүрээнд дотроо эмсийг халган агуулах ба мөн аливаа лам нар Хороо хөдөө аль газар боловч эмс, охид лугаа хольцолдон муу самуун явахыг үүрд чангалан цаазалсугай.
Лам нарын суусан сүмийн гэрт эхнэр явахыг байлгасугай. Лам нар өөрийн суусан гэртээн эхнэрийг явуулбал халгаасан тэргүүн лам бол хоёр есөн мал, дэмч бол нэгэн есөн мал, гэлэн банди нар бол таван малаар торгож засагт авсугай. Одсон эмийн эр дотоод түшмэл иргэн бол хамтаар харъяат Явдлын яаманд тушаан өгч яллана.
Лам нарын суусан сүмд эмс явж болохгүй. Лам нар түүний суусан гэрт эмсийг явуулах бол халгаасан тэргүүн ламыг хоёр есөн мал, дэмчийг нэгэн есөн мал, гэлэн, банди нарыг таван мал авч албанд хадгалуул. Одсон эмийн нөхөр, дотоод газрын түшмэл, иргэн бол сэлтээр харъяат Журганд тушааж яллагтун.
Нэгэн зүйл. Аливаа лам нарын суусан сүм дор эмс учир үгүй явж болохгүй. Лам нар гэр дор эмсийг дэмий халгаж агуулах болвоос халгасан ламыг хоёр есөн мал торго. Байцаахыг алдсан сүмийн тэргүүн лам, гэсгүй албыг нэгэн есөн мал торгогтун. Одсон эмийн нөхрийг хамтаар засаг дор тушааж ял хэлэлцэгтүн.
 
Дээрх хүснэгтийг харьцуулан дүгнэвэл: 1780-аад оноос хойш 1920 оны эхэн үеийг хүртэл уг харилцааг зохицуулж байсан арга, түүнийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага нь хүртэл ижилхэн байсныг төвөггүйхэн ажиглаж болно. Өөрөөр хэлбэл энэхүү харилцааг Манжийн хуулиудын агуулгыг өөрчлөхгүйгээр Богд хаант Монгол улсын үед зохицуулж байжээ. Мөн уг дүрэмд “Хүрээний дотроо эмс, охид хольцолдон суухыг хэдийнэ цаазалсан...” хэмээн өгүүлжээ. Гэтэл уг дүрмийг 1919 онд тогтоосон бөгөөд “Хэдийнэ цаазалсан” хэмээн 1818 онд баталж мөрдүүлсэн “ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг”-ийн хүснэгтэд үзүүлсэн хэм хэмжээг дурьдсан байна.
3. Энэхүү 12-р дүрэм (Аливаа лам нар хороо харчуудын газраа хольцолдон муу самуун явахыг нь цагдан цээрлүүлэх учраа тогтоосон гучин хоёр зүйлийн дүрэм.)-ийн зохицуулалт нь Манжийн үеийн эрх зүйн эрх сурвалжийн зохицуулалтаас улбаатай байж болох талтай. Өөрөөр хэлбэл энэ нь Богд хаант Монгол улсын төрийн бодлогод шашны номлол, зан үйлийг "Монгол цаазын бичиг”-ийг дагаж мөрдөхөөр хуульчлан бэхжүүлсэн нь нэлээд онцлог юм. Тухайлбал: “Монгол цаазын бичиг”-т нэгдүгээрт: "Лам банди нар одсон гэртээ хонох ба тэргүүн ламд мэдүүлэх үгүй зоригоор явах", хоёрдугаарт: Чавганц лугаа явалдвал, гуравдугаарт: Лам нарын суусан гэрт эхнэрийг халгаах, дөрөвдүгээрт: Мүгдэн, Ширээт хүрээ, Хөх хот, Гадаад дөчин есөн хушуунд агч лам нар албан хүргэж ирэвч ном, гүрэм уншихаар өвчин засаж явавч өөр өөрийн захирах тэргүүн лам нар харъяат хушууг захирах ван, ноёдод мэдүүлж өдөр болзоод явах, тавдугаарт: Эр үгүй эхнэрийн гэрт хонох гэжээ[15]. Зөрчсөн этгээд иргэний цаазаар хамгаалагдсан нийгмийн харилцааг зөрчигч этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн нэгэн адил тэдгээрийн тогтсон хуулиар зөрчигч лам, хувраг, энгийн цагаан иргэдийг малаар торгох ял буюу ес суурьтай малын торгуулийн ял, ташуураар занчих, сахилыг нь эвдэх гэсэн үндсэн ялыг хэрэглэж хариуцлага хүлээлгэдэг байжээ. Тухайлбал: "Лам банди нар одсон гэртээ хонох ба тэргүүн ламд мэдүүлэх үгүй зоригоор явах ба лам нарыг авч одох хүн тэргүүн ламд хэлэхгүй авч одох ба гэрт хонуулах бол зоригоор явсан, хоносон лам бандиас гурваад есөн мал торгож засагт авсугай. Зоригоор авч одсон хүнийг харъяат Явдлын яаманд тушаан өгч яллуулсугай", гэтэл уг дүрэм, хуульд “Хүрээний дотроо эмс, охид хольцолдон суухыг хэдийнэ цаазалсан ба мөн Хүрээний олон лам банди нарын дотроос ойр тойрон Хороо харчууд, гол хөдөө, арван тавны газарт сэлгүүцэн оршиж муу самуун явсан лам нарыг нэгэнт байцаан хураалгаж Хүрээнд оруулан чангалан захирсны тулд үүнээс урагш Хүрээнд дотроо эмсийг халган агуулах ба мөн аливаа лам нар Хороо хөдөө аль газар боловч эмс, охид лугаа хольцолдон муу самуун явахыг үүрд чангалан цаазалсугай” гэж зохицуулсан нь ямар нэгэн хэмжээгээр уламжлан авч хэрэглэсэн нь ажиглагдаж байна.
             4. Монголын уламжлалт цаазын бичгүүдэд ”Архи”-тай холбоо бүхий зохицуулалт нэлээд байдаг бөгөөд 1640 оны Монгол Ойрадын ”Их цааз”-д ”Ижил мөрний Халимагуудын оруулсан нэмэлт нөхвөрт ”Архи уусныг нь хэн үзсэн хүн гунан морь ав. Гэлэнгүүдэд тэр мэт бууралт бол дөнгө морь ав. Архи ууснаас нь гунан хонь ав. Банди нар тэр мэт буруу явбал гунан хонь ав. Архи уувал тавин мөнгө ав. ...”[16], мөн 1709 оны ”Халх журам”-д ” “Гэлэн хүн архи ууваас есөн соёолон морь, гэцэл хүн ууваас таван соёолон морь, банди хүн ууваас гурван соёолон мориор баалж бай” гэж, “Улаан хацарт”-д архи ууж согтуу явсан хаалгач Жамсранг хуулийн нэгэн есөн мал торгож шийтгэжээ”. Мөн ”Халх журам”-д 1724 онд хаврын сүүл сарын шинийн долоонд өр авлагын тухай мөн оны намрын эхэн сарын 17-нд хамба Номын хаан, Ломбо мэргэн цорж, Эрдэнэ шанзав мэт шашны том мяндаг тушаалтнууд хуралдаж архи уухыг хориглохоор хэлэлцэн тогтжээ. Энэ мэтээр монголын эрх зүйн түүхэнд архитай холбоотой хориглосон, зөвшөөрсөн, дагаж мөрдөх зэрэг зан үйлийг зохицуулсан хэм хэмжээ арвин баялаг байна.
 
Энэхүү дүрэмд гарч буй архитай холбоо бүхий харилцааг хүснэгтээр үзүүлбэл:
 
 
 
Тохиолдол
 
 
Ногдуулж байсан ял
1.                   
Нийслэл Хүрээний газар тусгай цагдан сэргийлэх албаны газар нээн байгуулах зэрэг нарийн чанга дүрэм хэмжээ хянан тогтоож айлтгаад ёсоор болгосныг хичээнгүйлэн дагаж шийтгүүлсэн нь аливаа хулгай худал ба мөрийцөн наадах, архи уух зэргээр самуун явагчдыг цаггүй цагдан нэгжин байцаан бариулж газар орныг ариун цэвэр болгох учир бөгөөд дан гагц тэдний эрхэлбээс зохих жинхэнэ тушаасан албан мөн болох тул одоо энэ мэт ял халдсан ардыг байцаан барьсан цагдаа цэргүүдэд
урьд ёсоор улсын сангаас шагнахыг зогсооно
2.                   
Дээд Зарлиг лүндэнг дагаж архи дарс уух, лам нар Хороо харчуудын газраа оршин суух, сэлгүүцэн явах басхүү аливаа хүн пай, хөзрийн хэрэг ямар нэгэн наадмаар наадах, Гандан Хүрээний лам нар шөнийн цаг манаж сэргийлэхийг осолдон тасалдуулах зэргийг
цаггүй цагдан байцаалгаар лам, хар зайсан түшмэдийг долоон анги хуваан гаргаж өдөр шөнийн цаг ямагт сэргийлэн буй хааяа манаж сахихыг осолдон хулгах, булаах муу самуун явах, ууж наадах зэрэгт хүргүүлсэн хэрэг гарч ирсэн удаагаар манааны хүн харъяат аймгийн гэсгүй, арван хаалтын дарга, цагдан байцаах зайсан түшмэдийг мөн урьд тогтоосон дүрмийн ёсоор тус тус цээрлэл үзүүлэн шийтгэсээр буй бөгөөд одоогийн тушаал учрыг зохиогчдод дахин чангалан ухуулан тушааж цаггүй цагдан сэргийлэхийг эрхлэн хичээвээс болох эсэх, эсхүл хэрхэн тушааж дагаж явуулбаас зохихыг заахыг эрж олдвоос, Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа өргөн мэдүүлээд гуйх нь, одоо чухам хэрхэн сэргийлж газар орныг ариун цэвэр болговоос зохихыг толилон заан тушаах ажааму
3.                   
Их Хүрээ, олон монгол хошууны зэрэг газраа хэн хүн зоргоор цаазалсныг зөрчиж, архи уусан, худалдсан хэрэг гарч ирвээс тэргүүн, дэдийг бодохгүй цөм
дөчин өдөр дөнгө дөнгөлж, өдөр дүүрсний хойно зуун ташуур занчсугай. Лам нар болбаас нэмэгдүүлэн өөр өөрийн харъяат их хуралд зуун өдөр өнжүүлэлгүй хуруулан, өдөр тутам зуу мөргүүлсүгэй.
4.                   
Аливаа түшмэд болбаас хоёр есөн мал торгосугай. Гагцхүү багш Хутагтын сан, олон орон дацан, аймгийн газраас хааяа номын ёсноор тахил тавиглалын зэрэг чухал зүйлд архи хэрэглэх нь буй агаад иргэдээс худалдан авсугай хэмээвээс
тэмдэгт модонд учрыг бичиж итгэвээс болох албаны хүнд бариулан явуулж авахуулахаас гадна бус олон газар энэ мэт хэргийг харъяат захирагсдад мэдүүлж магадлан хянан шийтгүүлсүгэй.
5.                   
Хүрээний дотроо жаран нас хүрээгүй чавганц ба эмс, охидыг халган агуулж жич, архи уусан, пай хөзрийн зэрэг тоглоомоор наадсан хулгасан ба гал алдсан, тэмдэгт мод осол сул хадгалж омтгойтсон зэрэг хэрэг гарах нь болбаас,
мөн байцаахыг алдсан аймгийн гэсгүйг нэгэн адил торгож шийтгэвээс зохимой.
6.                   
Басхүү Хүрээний дотроо архи уух, пай хөзөр наадсан гэрийн тэргүүлэгч, гэлэн, гэцэл, лам, банди нар үнэхээрийн ял тушаах чинээгүй аваас магадлан байцаагаад
шарыг шувтлахыг хэмнэж, их гэсгүй нарт тушааж бэрээгээр занчиж гэсгээгээд, их хуралд нэгэн зуун өдөр өнжүүлэлгүй хуруулж өдөр дутам зуунтаа мөргүүлж дуусгасугай
 
Ер нь хэрхэн яагаад архийг эрт үеэс эхлэн хориглох болсон нь зөвхөн нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах төдийхөнөөр хязгаарлагдахгүй Монгол үндэстний оршин тогтнох, хүн амын удмын санг цэвэр байлгах гэсэн төрийн уламжлалт бодлогыг уламжлан хөгжүүлсэн нь эргэлзээгүй юм.
 
Хоёр. Ял шийтгэлийн тогтолцоог уламжилсан нь
 
1. Монголын хууль цаазын түүхэнд эрүүгийн ял шийтгэлийн асуудал нүүдлийн хэв ёс, нүүдэлчдийн сэтгэл зүйд олон зуун жилээр шалгагдсан ойлголт байжээ. Тэрхүү тогтсон уламжлал, хэв ёсыг ч манжууд тойрсонгүй, тэдгээр хууль цааздаа харгалзан үзэх объектив хүчин зүйлсийн нэгэн зүйл байсан нь төдийгүй Богд хаант Монгол улсын үед ч түүнийг уламжлан хөгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл “БНМАУ-ын түүх”-ийн II ботид өгүүлсэнчлэн “Манжийн хэрцгий эрүү шүүлт хэвээр үлдэж дөнгө дөнгөлөх, гав гинж зүүлгэх, түүхий ширээр ширлэж алах, “хонгор аяарга”, мөглөн, газар булах, савсалга эрүү мэт дундад зууны үеийн зэрлэг шүүлт хэрэглэж”[17] байжээ.
Эдгээрийн зарим нэгийг баримтаар дурьдвал торгох ял бол монголын уламжлалт эрх зүйн эх сурвалжуудад тогтоосон хэмжээгээр гэм буруутай этгээдэд шүүх эрх бүхий албан тушаалтнаас ногдуулах эд хөрөнгө, мөнгө болон малаар торгох шийтгэл мөн. ”Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм”-ийн бүтцийг ажиглавал торгох ялыг өргөн хэрэглэж байжээ. Энэ нь мөн л монголчуудын уламжлалд хууль цаазын сэтгэлгээ болон манжийн хууль цаазад тулгуурласны илрэл бөгөөд дүрмүүдэд ес суурьтай малаар торгох ялыг түлхүү хэрэглэж гэм буруутай этгээдийн хөрөнгийн байдлыг харгалзан торгох ял ногдуулж байсан нь уг ял бодитой хэрэгжих эх үндэстэй болжээ. Тухайлбал: ”Аливаа хулгай худлыг эрхлэн барих түшмэл, цэргийн ард нэгэнт барьж олсон хулгай худлын морь, мал, эд юмыг шингүүлэн авч зоргоор хувааж биедээн шингүүлэх болбаас түшмэлийг нэгэн есөн мал торгосугай”. гэжээ.
2. Уг дүрмүүдэд буй торгох ял дараахь онцлог шинжтэй бөгөөд энэ нь манжийн хууль цаазын эх сурвалжтай шууд холбоотой юм. Энэхүү ял нь: нэгд, мөнгөн утгаар хэрэгждэггүй торгох ялын зүйл нь эд хөрөнгө, мал байсан, хоёрт, гэмт этгээдийн материаллаг эрх ашгийг хөндөхөөс өөр ямар нэгэн эрхэнд хязгаарлалт тогтоон хэрэгжүүлдэггүй
Малаар торгох ял дараахь хэлбэртэй байсан.
- Бод малаар буюу адуу, үхрээр торгох. Энэ торгуулийн хэлбэр нь есөөр торгох торгуулийн нэгэн адил тодорхой тооны хэмжээ заадаггүй, харин монголын уламжлалт эрх зүйн эх сурвалжид торгуулийн малыг шууд морь, үхэр гэж зааж өгсөн байдаг бол Манжийн үеийн "Монгол цаазын бичиг”-т гунан үхэр ав, долоон морь, нижгээд үхэр, морь ав гэх зэргээр ялын нэр, хэмжээг тогтоож өгсөн байна. Энэ торгуулийн хамгийн их хэмжээ арав хүртэл байх бөгөөд түүнээс дээш хэмжээ есөөр хэмжигддэг байна. Харин "Халх журам"-д зуугаас гурван зуун мал хүртэл торгох заалт байдаг[18]. Харин уг дүрмээр зөвхөн “мал” хэмээн нэрлэж торгохоор заасан байна.
- Ес суурьтай торгууль. Энэ нь цаазын бичгээр тогтоосон тоогоор 9 мал болгон түүнийгээ гурав, тав, долоо, ес дахин үржүүлэн төлдөг торгуулийн уламжлалт хэлбэр юм. Бидэнд уламжлан ирсэн цаазын бичигт есөөр торгох ялын хэмжээг зааж өгсөн байдаг. Чингисийн "Их засаг", "Түмэдийн Алтан ханы цааз", "Халхын үйсэн дээр бичсэн цааз", 1640 оны Монгол Ойрадын “Их цааз”, "Халх журам" зэрэг цаазын бичигт есөөр торгох ялыг өргөн хэрэглэж байжээ. Дээрх Монголын уламжлалт цаазын бичигт есөөр торгох торгуулийн бүтцийг нарийн тодорхой заасан байхад заримд нь үгүй байна. Тухайлбал: "Алтан ханы цаазын бичигт": Ес хэмээгч нь адуу хоёр, үхэр хоёр, хонь, ямаа нийлсэн тав. Тав нь үхэр, адуу хоёр, хонь, ямаа нийлж гурав[19] гэжээ. Энэ цаазын бүтэц бидэнд мэдэгдэж байгаа хамгийн анхны баримт байна.
Гэтэл уг дүрэмд нэг ес, гурван ес, есөн есөөр торгох ял ногдуулж байхаар зааж ялын есийн хэмжээ ямар байх тухай зааж өгсөнгүй боловч дээр нэгэнт “Монгол цаазын бичиг”-ийг хэрэглэж болох тухай Богд Живзундамба хутагтын зарлигийг иш үндэс болговол “Монгол цаазын бичиг”-т заасан хэмжээгээр есийн хэмжээг тогтоож байсан гэх үндэслэлтэй байна. Иймийн тул манжийн үеийн зарим нэгэн цаазад буй ес суурьтай торгуулийн хэмжээг дор чухас авч үзвэл:
 
Дүрэмд гарч буй есөөр торгох ялыг хүснэгтээр авч үзвэл:
 
 
 
Тохиолдол
 
 
Ногдуулж байсан ял
1.                    
1. мал хулгасан ялтыг Шандун, Хунан, Хүгүванг, Фүгжаны зэрэг газарт цөлөх нь болбаас байцаахыг алдсан харъяат тайжийг
2. Юннаны зэрэг газраа цөлөх нь болбаас
1. нэгэн есөн мал
2. гурван есөн мал торгогтун хэмээжээ.
2.                    
даалуугаар мөрийцөн наадахыг завдаж баригдсан хушуу шавийн гутгаар зэрэг Дэндэв, зайсан Раднаа, хүлэгч Найдан, Цэрэндорж нарын шүүн тодорхойлуулан ял оноож тэдний өөр өөрийн харъяат хошуу шавийн эрхлэн захирагсдын
нэгжээд есөн мал торгож шийтгэнэ
3.                    
манай Монгол газар угаас тэр мэт наадах буйр нээсэн газаргүй бөгөөд айлын гэрт олон хүн цуглах наадах байтугай нэгэн хүн энгийн орох боловч гэрийн эзгүй атугай гэрийн хүмүүс эс мэдэх нь үгүй, энэ нь даруй зальт ард ял завшсан хэрэг болжээ. Тиймийн тул одоо үүнээс урагш чингэж гэр хашааг албанаа хураахыг хэрэгсэхгүй болгож, гагцхүү гэр хашааны жинхэнэ эзэн мөн боловч, бус боловч нэгэнт эзэгнэн сууж зөвшөөрөн наадуулсан хүнийг наадсан, эс наадсаныг ялгаварлахгүй түшмэл, тайж болбаас
нэгэн есөн мал торгосугай.
4.                    
Цагдан сэргийлэх албаны газрын харъяат цагдан байцаах нэр данс бүхий газар ба Их шавь, дөрвөн аймгийн хорооны газарт хулгай худлын гарваас уг хэрэг халдсан газрыг бодож эрхлэн захирах, туслах шийтгэх түшмэл, хорооны даргыг таваад мал торгосугай. Цэргийг дөчин ташуур занчсугай. Хүнд болбаас түшмэл даргыг.
нэгэн есөн мал торгосугай
5.                    
Аливаа хулгай худлыг эрхлэн барих түшмэл, цэргийн ард нэгэнт барьж олсон хулгай худлын морь, мал, эд юмыг шингүүлэн авч зоргоор хувааж биедээн шингүүлэх болбаас түшмэлийг
нэгэн есөн мал торгосугай.
6.                    
Хулгай барих түшмэл, цэрэг жич, хүчирхэг идэрхэг ард хэрвээ сайн хүн сүр хүчнээр дарлан барьж уяж хүлэх ба зоргоор гэрт хорих эргүүлэн занчих болбаас хор хийсэн, үл хийснийг асуухгүй түшмэлийг
зургаан есөн мал торгосугай.
7.                    
1. Аливаа мал, эд юм хулгаж дөнгө дөнгөлөх, ташуур занчих ял халдсан олон хэрэгт байцаахыг алдсан харъяат захирагсадыг удаа тоог бодож зэрэг нэмүүлэн ял хэлэлцэхэд анх удаа
2. Хоёрдугаар осол сул захирсан ял халдваас
3. гуравдугаар удаа осол сул захирсан ял халдваас
 
4. Хэрэв уг хулгай цөлөх ял халдваас удаа тоог бодохгүй айл аймагт цөлөх ял халдваас байцаахыг алдсан харъяат захирах түшмэл даргыг
 
5. Аймаг алгасч цөлөх ял халдваас байцаахыг алдсан харъяат захирах түшмэл даргыг
 
6. Хязгаарт цөлөх ял халдваас байцаахыг алдсан харъяат захирах түшмэл даргыг
 
7. Алах ял халдваас харъяат захирах түшмэл даргыг
хулган явах хүн дутам харъяат захирах тайж, түшмэл, даргыг таваад мал,
2. Долоогоод мал,
3. Есөөд мал торгоход зогссугай.
 
4. Нэгэн есөн мал торгосугай. Засгийг зургаан сарын пүнлүү хассугай.
5. Хоёр есөн мал торгосугай. Засгийг есөн сарын пүнлүү хассугай.
6. гурван есөн мал торгосугай. Засгийг нэгэн жилийн пүнлүү хассугай.
7. дөрвөн есөн мал торгосугай. Засгийг хоёр жилийн пүнлүү хассугай.
8.                    
Засаг ба засаг бус ван, бэйл, бэйс, гүн, тайж, түшмэд хулгайг халган дарах нь буй бөгөөс хуучин хууль ёсоор гурван жилийн пүнлүү хассугай. Пүнлүүгүй тайж түшмэдийг
зургаан есөн мал торгосугай.
9.                    
Их Хүрээ, олон монгол хошууны зэрэг газраа хэн хүн зоргоор цаазалсныг зөрчиж, архи уусан, худалдсан хэрэг гарч ирвээс тэргүүн, дэдийг бодохгүй цөм дөчин өдөр дөнгө дөнгөлж, өдөр дүүрсний хойно зуун ташуур занчсугай. Лам нар болбаас нэмэгдүүлэн өөр өөрийн харъяат их хуралд
зуун өдөр өнжүүлэлгүй хуруулан, өдөр тутам зуу мөргүүлсүгэй. Аливаа түшмэд болбаас хоёр есөн мал торгосугай.
 
Эл дүрмийн ”Ес суурьтай торгууль”-ийн хэмжээ нь 1-9 хүртэл есөөр торгох ялыг нэгд: хулгайн гэмт хэрэгт, хоёрт: албан тушаалдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтанд, гуравт: мурийтай тоглосон гэсэн гурван тохиолдолд уг торгуулийг хэрэглэхээр бэхжүүлсэн байна. Гэхдээ уг торгуулийн ялыг цөлөх, занчих, дөнгө дөнгөлөх зэрэг ялд нэмэгдэл ялын хэлбэрээр хэрэглэж байжээ.
Манж, Монголын уламжлалт хууль цаазын эх сурвалжуудын зарим нэгийг харьцуулан шинжлэх үүднээс авч үзвэл, "Монгол цаазын бичиг"-т торгуулийн есөн малын хэмжээг Ялын есийн тоо нь, хоёр морь, хоёр шар үхэр, хоёр үнээ, хоёр гуна, нэгэн бяруу, тавын тоо нь нэгэн шар үхэр, нэгэн үнээ, нэгэн гуна, хоёр бяруу ялыг авч өгөх элч ялт хүнээс нэгэн гуна үхэр ав[20] гэж заажээ.
Мөн "Халх журам"-д дээрх шиг нэг бүрчлэн есийг нэрлэсэнгүй зөвхөн дөрвөн бод, торгуулийн малын нас нь бүгд шүдлэн таван бог байхаар зохицуулж, мөн зарим тохиолдолд таван богийг бод малаар сольж ялын хэмжээг хүндрүүлэх боломжийг шүүх эрх бүхий албан тушаалтанд олгосон байна. Тэрчлэн дээрх хоёр цаазын бичигт долоо, тав, гурван малаар торгох малын хэмжээг мөн нэгэн адил зааж өгчээ. Тухайлбал: "Монгол цаазын бичиг"-т "Тавын тоо нь нэгэн шар үхэр, нэгэн үнээ, нэгэн гуна, хоёр бяруу ялыг авч өгөх элч ялт хүнээс нэгэн гуна үхэр ав"[21] гэж харин “Халх журам”-д "Тав бол хоёр нь бод, гурвыг хонь, гурав бол нэгийг бод, хоёр нь хонь" $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 4957, "w" : "bayarsaikhan"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2008-08-03 - хурдан сольвол сайн байна

Бичсэн: Зочин
love struck би таны өгүүллийг байнга л уншихыг хүсэж байна.
Бичлэг



:-)
 
xaax