P2008-03-08 - Монголын хууль цаазын эх сурвалжийн
Монголын хууль цаазын эх сурвалжийн нэрийн тухайд Оршил Монголын хууль цаазын эх сурвалжуудыг үндэсний болон гадаадын судлаач эрдэмтэд олж, судалгааны эргэлтэнд оруулж, судлах болсоор 300 гаруй гаруй жилийг өнгөрөөжээ. Монголын төрийн түүхийн он жилүүдтэй харьцуулбал, мэдэгдээд судлагдсан хууль цаазын эх сурвалж, мөн уг эхээрээ олдсон нь хуруу дарам, судалсан бүтээлүүд нэн ялангуяа XX зууны эхэн үеийн үзэл суртлаас хамаарч нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны эргэлтэнд бараг ороогүй, мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаачид нарийвчлан судлаагүй зэрэг нь эл салбарын эх сурвалжийн судалгааны үнэ цэнийг бууруулж, түүхийн танин мэдэхүйн хүрээнд л өгүүлсэн байна. Зарим нэгэн түүхийн бүтээлүүдэд өгүүлснийг авч үзвэл, Монголын түүхийн 3 болон 5 дэвтэр бүтээлүүдэд “Юан улсын хуулиудад “Улсыг нэг газар хуралдуулахыг цаазлах нь”, ... гэх зэрэг цаазлан хориглосон зүйл олон байгаа ...”[1], “Манжийн хуульд Их Хүрээ, Улиастайн ав хомрогын дүрэм журмыг нарийвчлан заасан бөгөөд үүнд уул хоёр газрын ав хомрогод тус бүр таван зуун хүнийг оролцуулж жил бүрийн намар цагт сарын хугацаагаар авладаг байжээ”[2], “Засаг хошууг угсаа залгамжилсан ноён Манжийн хуулинд заагдсан эрх хэмжээний дотор захирах ...”[3] гэж монголын түүхийн аль ч үед дурдах төдийхөнөөр эсвэл “... үеийн хууль цаазад”, “... хуульд”, “... дүрэм журамд” гэх мэтээр эх сурвалжийн эзэн биегүй судалгааны зохиол бүтээл гарсаар л байна. Энэхүү гажуудлыг арилгах, эх сурвалжийн эзэн биеийг тодорхой болгох, нэн ялангуяа эрх зүй, улс төрийн түүхийн үндсэн эх сурвалж болох хууль цаазын эх сурвалжийг агуулгын түвшинд судлах, эрх зүйн түүхийн сэтгэлгээний хувьсал өөрчлөлтийг ажиглах, нэгтгэн дүгнэх нь нэлээд чухал болжээ. Хэдийгээр агуулгын түвшинд судлахын өмнө хэлбэрийн хувьд тухайн эх сурвалжийн он цаг, нэр, бүтэц, бичилтийн онцлог зэрэг олон асуудлуудыг түүх, хэлшинжлэл, сурвалж судлал болон бусад салбар шинжлэх ухааны судалгааны арга, арга зүйд тулгуурлан нэхэн тодруулж, нийгмийн сэтгэл зүй, шинжлэх ухааны судалгаанд нэг мөр болгон хэвшүүлэх, мөн судалгааны анхан шатны боловсруулалт хийх явдал нэлээд чухал байна. Дээрх асуудлууд хэлбэрийн төдий мэт санагдах ч эрх зүйн түүхийн судалгаанд зайлшгүй хийх ёстой урьдчилсан нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, эрх зүйн түүхийн судалгаа дан ганц эрх зүйн шинжлэх ухаанд бус харин нийгэм, хүмүүнлэгийн бусад шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн ололт, дүгнэлтэд тулгуурлах нь зайлшгүй юм. Өнгөрсөн он жилүүдэд эрх зүйн түүхэнд холбогдох эх сурвалжуудыг түүхийн ерөнхий үечлэлийн хүрээнд авч үзвэл, монголын түүхийн дундад эртний үед хамаарах эх сурвалжууд ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд манжийн эрхшээлийн үеийн эх сурвалжийг эс тооцвол үндсэн эхээрээ уламжлан ирсэнгүй. Хууль цаазын эх сурвалжийн нэр гэж юу вэ? Нэн ялангуяа судалгааны эргэлтэнд орсон хууль цаазын эх сурвалжуудын нэрийг судалгааны бүтээлүүдэд янз бүрээр бичих, тэмдэглэх явдал түгээмэл байгаа нь хэдийгээр тухайн эх сурвалжийг судалсан судлаачийн байр суурь гэж үзэх талтай ч зарим нэгэн эх сурвалжийн нэрийг бичвэрт тодорхой өгүүлсний иш үндэс болгохгүй нэр оноон өгч байгаа нь түүхийг ойлгох ойлгоцыг бүдгэрүүлэх, нэг эх сурвалжийг хэд хэдэн эх сурвалж гэж, тус тусдаа агуулга бүхий хэд хэдэн эх сурвалжийг нэг л цааз, хууль хэмээн ойлгох зэрэг сөрөг ул мөр шинжлэх ухааны түвшинд ч, танин мэдэхүйн хүрээнд ч үлдээсээр байна. Зарим нэгэн түүхэн зохиол бүтээлийг туурвисан хүний нэрээр нэрлэх, эсвэл эх сурвалжийн гаднах төрх зэрэг онцлогийг үндэслэн нэрлэх явдал түгээмэл байдаг. Тухайлбал, “Асрагч нэртийн түүх”-ийг зохиогч Жамба хэмээх төвд нэртэй хүний нэрийг монголчлон орчуулж “Асрагч”[4] хэмээн тодотгон “Асрагч нэртийн түүх” хэмээн нэршүүлсэн, Монголын нууц товчоо[5], Лувсанданзангийн Алтан товч зэргээр түүхийн зохиол бүтээлүүдэд нэр өгч судлах нь түгээмэл байна. Гэтэл хууль цаазын эх сурвалжийг түүхийн зохиол бүтээлийг нэршүүлэх заншилыг баримтлан хууль цаазын сурвалжид нэр оноон өгөх нь тухайн сурвалжийн мөн чанар болон хууль цаазын техникийн уламжлалт хэв ёсыг судлаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, судалгааны эргэлтэд орсон монголын хууль цаазын эх сурвалжийн ихэнхи тохиолдолд тухайн сурвалжийг хэлэлцэж тогтоосон хүмүүсийн болон цаазын нэр, он цагийг тодорхой бичсэн байна. Тухайлбал, “Арван буянт номын цааз”, “Эрдэнэ хунтайж, Эрээхэй хаан хоёр таван сар зургаан сарын завсарт хулгайн тус тархаав”, ”Өчүүхэн цааз” [6], “Дөчин дөрөв хоёрын ноёд Их цааз эхлэн бичив”[7] гэх мэт. Гэхдээ зарим нэгэн тохиолдолд эх сурвалжийг дамжуулан хуулбарлах явцдаа үг, үсэг гээх, үсэг балрах, гэмтэх зэрэг гадны нөлөөллөөс уг эх сурвалжийн нэрийг тогтоох боломжгүй болсон, мөн түүхийн тодорхой цаг хугацаанд тэмдэглэсэн аян замын тэмдэглэл, түүхэн зохиолуудад цаазын тухай өгүүлсэн зэрэг тохиолдолд тус тус агуулгад үндэслэн нэр оноон өгсөн нь цөөнгүй юм. Тухайлбал, “Их засаг”, “Мандухайн цааз”, “Алтан ханы цааз” гэх мэт. Зарим тохиолдолд нэгэн үед үйлчилж байсан өөр өөр агуулга бүхий цаазуудыг ямар нэгэн зорилгоор нэгтгэн эмхтгэж газар нутгийн хамрах хүрээ, үндэстэн ястны ерөнхий нэрээр нэршүүлэн хэрэглэх явдал байсан бололтой. Тухайлбал, Халх журам. Мөн XYIII зууны үед холбогдох шүүн таслах үйл ажиллагаатай холбогдох баримтуудын хавтасны төрх, өнгөөр нь “Улаан хацарт”, “Хугархай нүүрт” гэх мэтээр нэршүүлэн хэрэглэх явдал цөөнгүй байна. Иймд хууль цаазын эх сурвалжуудын нэр, түүний зүй тогтлыг ажиглаж нарийвлан судлах зайлшгүй шаардлагатай бөгөөд ингэж судлах явдал нь эл салбарын эх сурвалжийг түүх, хэлшинжлэл, түүхийн сурвалж бичгээс ялгаатай шинж, онцлогийг тодруулахад ач холбогдолтой юм. Хууль цаазын эх сурвалжийн нэрийн тухай асуудал өнөөг хүртэл гадаадын зарим нэгэн судлаачийн дагнасан өгүүллийг эс тооцвол, мөн монголын эртний хууль цаазын нэр томьёог тус тус судалгаагүй байгаа нь эрх зүйн түүх, онолын судалгаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Тухайлбал, “цааз”, “хууль”, “дүрэм”, “журам” гэх мэт үгийн гарал үүсэл, утга зүйг нарийвчлан судлах шаардлагатай. Зарим үгийг тайлбарлавал, “хууль” гэсэн нэр томъёо хятадын “fălǖ 法潞”[8] гэсэн үгээс гаралтай байж магадгүй. Монголчууд 1700-аад онд манжийн “HoolI koo-li”[9] гэсэн үгээс авч хэрэглэсэн байж болох мэдээ бий[10] гэж Академич С.Нарангэрэл, доктор Н.Лүндэндорж нар бүтээлдээ дурьдсан байна. Гэтэл монгол бичгээр “HeolI qau-li” гэж бичсэн ёсыг ажигласан ч “li 例”[11] хэмээх дагавар нь хятад хэлэнд “дүрэм тогтоол” гэсэн утгыг илэрхийлдэг. Харин “qau-“ хэмээх нь монгол хэлний “q”, “u” гийгүүлэгч, эгшиг нь хятад хэлэнд “k”, “о” болон сэлгэн бичигдэх, дуудах ёс байдаг тул “qau”-г “kǎo” хэмээн бичиж болох юм. Тэгвэл “kǎo 拷” [12] хэмээх хятад ханз нь “эрүүдэх, зодох, цохих” гэсэн утгатай. Иймд “хууль” нь “эрүүдэх дүрэм” гэсэн утгатай хятад үг гэж үзэх боломжтой. Мөн монголын хууль цаазын зарим эх сурвалжид “Хууль дүрэм” хэмээн хоршин хэрэглэх нь тохиолддог. Монгол хэлний тайлбар тольд “дүрэм” хэмээх үгийг “Эрт эдүгээгийн эрх товчоот газраас заан тогтоосон дэс дарааг дүрэм хэмээжүхүй”[13] мөн “тогтоосон ёс журам, гэм хэвшил, хууль дүрэм, ... хэв дүрэм,“[14] гэх мэтээр тайлбарласан байна. Гэтэл Богд хаант Монгол улсын “Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм”-д “хууль дүрмийн дэвтэр бичиг” гэж үндсэн 12 актыг бүгдийг “дүрэм”[15] хэмээн нэрлэсэн. Тухайлбал: “Аливаа цаазалсныг зөрчин явагчдад ял оноовоос зохих, уг ялд золио авч шийтгэх мөнгөний лий-г цэн болгон хураахаар хувьсган тогтоосон дүрэм”, ”Аливаа мал хулгайлж цөлөх алах ялт хувьсган тогтоож жилийн хугацаагаар дөнгө дөнгөлж шийтгэн дуусгах зэрэг тухай дүрэм” гэх зэргээр ”дүрэм”[16] хэмээх үг хэрэглэсэн байна. Дээрх мэт хууль зүйн нэр томьёоны түүхэн гарал үүсэл, утга зүйн асуудлыг судлах шаардлагатай байна. Судлаачид монголын анхны бичмэл хууль цаазыг Их Монгол улсын үетэй холбон авч үзэж байгаа нь бичмэл эх сурвалжийн он тооллыг эхлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ч уг эх сурвалжийн бичмэл эх олдоогүй зарим нэгэн түүхэн тэмдэглэлд[17] дурдсан төдийхөнөөр төсөөлсөөр л байна. Гэтэл энэхүү эх сурвалжийг Их засаг, Их засаг хууль, Засаг, Засаг хууль, Их засгийн хууль, Яса, Чингисийн засаг, Засгийн их дэвтэр, Ал-Ясак, Ясы, Ёс гэх мэт олон янзаар нэрлэж өгүүлж байгаа нь энэхүү эх сурвалжийн нэр тодорхой бус байгааг харуулж байна. Мөн эл үед ийм нэртэй хууль цааз байгаагүй гэж нотолдог судлаач эрдэмтэд байдаг. Их Монгол улсын хууль цаазын талаар Макризи, Мирховенд, Ибн-Батута, Вартан, Рашид-Ад-Дин зэрэг мэргэдийн туурвисан бүтээлүүдээс мэдэж болох бөгөөд тэдгээр эл үеийн хууль цаазын гол эх сурвалж нь Их засаг хэмээн үзжээ. Эдгээрээс Макризийн тэмдэглэн үлдээснийг ихэнх судлаачид баримталдаг бөгөөд Макризи өөрөө ч Их засгийн бүрэн эх гэж нотлохыг оролджээ.[18]. Оросын нэрт эрдэмтэн В.А.Рязановский “... Чингис хаан Ван хааныг ялан дийлж, хамаг эрх мэдлийг гартаа аваад зарим нэгэн гол гол ёс журам, зарим ял зэмлэлийг тодорхойлоод бүгдийг нь ном болгон бичээд түүнийг Ёс буюу Засаг хэмээн нэрлэсэн байна. Мөн чанартаа энэхүү нэр нь Ёс аж”[19] гэжээ. Профессор И.Дашням бүтээлдээ “Их Засаг” [20]-ийн Их гэдэг нь засгийг тодотгож хожуу үед хэрэглэсэн гэж, XYIII зууны үеэс монгол хэлнээ идэвхитэй нэвтэрснээр “засаг” гэсэн үгний хууль гэсэн утга шилжирч, төрийн байгууллага, түүний эрх мэдлийг илэрхийлэх болсон, Чингисийн үед хуулийг засаг хэмээн нэрлэж байсан байж болох, Чингис хааны засаг “хууль” хэмээн нэрлэхэд болохгүй гэх юмгүй[21] “Их Засаг”-ийн нэрийн тухай тусгайлан өгүүлсэн нь нийгмийн ойлголтын түвшинд авч үзсэн, харин тухайн цааз байсан эсэхэд түүхийн судалгааны ерөнхий хандлагыг баримталжээ. Академич Ч.Далай бүтээлдээ “Их Монгол улсын төрийн гол хууль бол Засаг хууль байлаа. ... Рашид-Ад-Дины “Судрын чуулган”-д Засаг хуулийг 1210, 1218 онд Их хуралдайгаар хэлэлцэж, нэмэлт оруулав. Мөн “тэр үедээ зарлиг гаргаж засаг хуулийг “Их засаг” гэж нэрлүтүгэй хэмээн тушаав” гэжээ”[22]. Гэхдээ “Их засаг” нэртэй цааз байсан эсэхэд л эргэлзэж буй бөгөөд харин Их Монгол улс өөрийн гэсэн хуультай байсанд эргэлзээгүй болно. Дээрх судалгааны бүтээлүүдэд Их Монгол улсад “Их засаг” нэртэй хууль байсан гэж үзэж эрх зүйн түүхийн дагнасан бүтээлд уг цаазын агуулгыг төрөлжүүлэн ангилж, түүхэн зохиолуудад байсан гэж түүхийн он цагт нийлэмжтэй байдлаар хүүрнэн өгүүлснийг үндэслэвэл “Их засаг” нэртэй хууль, эсвэл цааз байсныг судалгааны түвшинд гэрчилж буй ч монгол хэлээр туурвисан гэх Монголын нууц товчоонд уг цаазын нэрийг дурдаагүй байгаа нь нэлээд сонирхолтой. Гэхдээ ихэнх судлаачид Монголын нууц товчооны 209 дүгээр зүйлд дурдсан хөх бичгээр бичиж дэвтэрлэсэн гэх утгатай хэсгийг л уг цаазын анхны эх хэмээн тааварлан өгүүлсээр л байна. Монголын Юан улсын үеийн хууль цаазын эх сурвалжийн талаарх судалгаа манай улсад бараг хийгээгүй, энэ үед хичээн хууль цааз үйлчилж байсан талаарх судлаачдын бүтээл ч хоорондоо зөрүүтэй байна. Манай улсад 1960-аад онд туурвисан түүхийн гурван боть, 2003 онд туурвисан түүхийн таван боть бүтээлд тус тус “Их Юан улсын нэвтэрхий хууль, Их Юан улсын хууль цаазын бичиг”[23] гэсэн хууль цааз эл үеийн зонхилох хэм хэмжээ байсан гэжээ. Гэтэл сүүлийн үеийн судалгааны бүтээлүүдэд “Ярьж эмхэтгэсэн хуулийн бичиг” (Чжан-дин-тяо-гэ), “Шинэ эмхэтгэсэн хуулийн бичиг” (Синь-дин тяо-гэ), Эрхэн зөвлөлийн мужаас өргөн боловсруулсан хуулийн бичиг” (Шан шу-шэн цзоу-дин тяо-гэ), “Чжи-юаний шинэ хууль” (Чжи-юан-синь-гэ), “Да-дэ люя-лин” (Да-дэ-гийн зарлиг хууль) зэрэг нэр бүхий хууль цаазын эх сурвалжуудын тухай өгүүлсэн байна[24]. Ингэж эл үеийн хууль цаазуудыг өөр өөр нэрээр өгүүлснийг хэрхэн ойлгох, хэдийгээр хууль цаазын хятад нэрийг дуудлагаар нь цуг хадсан байдлыг ажигласан ч сүүлийн үеийн судалгааг үндэслэх нь зүйтэй мэт боловч тэдгээр судлаачид өмнөх судалгааны бүтээлд дурдсан нэрийг орчуулга зүй, хэлшинжлэлийн талаар нягтлан хэрхэн авч үзэх талаар бүтээлдээ өгүүлсэнгүй. Ер нь Монголын Юань улсын үеийн хууль цаазын үндсэн эх сурвалжуудыг хятад хэлээр бичснийг өнөөг хүртэл монгол хэлээр орчуулсан нь бараг үгүй тул судлаач бүр уг эх сурвалжуудыг өөрсдийнхөөрөө орчуулан, тайлбарласан нь эл үеийн хууль цаазын эх сурвалжуудын нэрийг тодруулахад нэлээд төвөгтэй бололтой. Монголын түүхийн XIY зууны сүүл үеэс XYII зууны эх үед хамаарах хууль цаазын эх сурвалжууд нь “Арван буянт номын цааз”[25], “Мандухайн цааз”[26], “Алтан ханы цааз”[27], “Халхын цааз эрхэмжийн бичиг”, “Их цааз” гэх зэрэг хэд хэдэн цааз мэдэгдээд байгаа бөгөөд “Арван буянт номын цааз”-ыг түүхэн эх сурвалжид тухайн нэрээр тэмдэглэснээр, харин “Мандухайн цааз”-ыг түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн агуулгад үндэслэн оноож өгсөн нэр болно. Харин “Халхын шинэ олдсон цааз – эрхэмжийн дурсгалт бичиг” хэмээн нэрлэсэн нь Х.Пэрлээ абухайн 1973 онд туурвисан “Монгол ба Төв Азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох ховор сурвалж бичиг” бүтээлийн 107 дахь талд бичснээр уламжлан “Үйсэн цааз, Талын арван найман цааз” гэх мэтээр нэршүүлэн хэмээн өгүүлэх болсон байна. Монголын эрх зүйн түүхэнд анх удаа модны үйсэн дээр бичсэн цаазуудыг Монгол, Зөвлөлтийн археологич Х.Пэрлээ, Э.В.Шавкунов хоёрын удирдсан нүүдэлчдийн эртний хот суурин судлах отряд 1970 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Харбухын балгасны нэгэн сувраганы нурангаас олсон болно. Тэдгээр цаазуудыг дор жагсаан авч үзвэл: 1. Зургаан хошууны их цааз 2. Эрдэнэ хунтайж, Эрээхэй хаан хоёр таван сар зургаан сарын завсарт цааз хулгайн туст тархаав. 3. Усан туулай жилийн таван сарын арван тавдугаар өдөр Бэрхийн ариун булаг усанд өчүүхэн цааз бичив 4. Модон луу жилийн намрын адаг есөн сарын арван есөнд цааз эхлэн бичив 5. Төмөр гахай жилийн зуны адаг сар Орхон гол дээр өчүүхэн цааз эхлэв 6. Усан үхэр жил очир сайн хааны сүмийн өмнө отгон туст дөрвөн хошууны ноёд өчүүхэн цааз эхлэн бичив 7. Эр модон барс жилийн эхэн сарын найман шинэд хэлэлцэв. Дөрвөн хошууны ноёд сайн хааны сүмийн өмнө өчүүхэн цааз эхлэн бичив 8. Сайханы сүмын өмнө эр модон барс жилийн эхэн сарын найман шинэд 9. Модон барс жилийн намрын эцэс сарын нэгэн шинэд ... цааз нэгдэв 10. Модон барс жилийн эхэн сарын хорин тавны өдөр. ... Өчүүхэн цааз өглөлдөв $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 12429, "w" : "bayarsaikhan"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); }); |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2009-02-01 - Hi
Бичсэн: peca |
Sain bna uu bagshaa. Tanii blog taalagdaj bna aa. bi www.law.miniih.com gsen blog neej bgaamaa. End huuli zuin chigleleer haisan bugdiig oldog gazar bolgoh sanaatai. Tanii bichleguudees huulbarlan tavij boloh uu. |
Бичлэг |
P2014-03-12 -