P2007-05-29 - Богд хаант Монгол Улсын эрх зүйн түүхийн
1911 онд Монгол улсыг тунхагласан нь монголчуудын төр, хууль зүйн сэтгэлгээ сэргэн мандахад нэн таатай нөлөө үзүүлсэн юм. Юуны түрүүнд дорноор дамжин эсвэл барууны буюу Өрнийн эрх зүйн үзэл, сэтгэлгээ, соёл нэвтрэх, түүнийг тусган хүлээж авах боломж нээгдэв. Гэсэн хэдий ч манжийн төр мөхсний дараа монголчууд төр, улсаа төвхнүүлэх эхний жилүүдэд 200 гаруй жилийн хугацаанд мөрдөж, нийгмийн ухамсарын түвшинд хэвшсэн хууль цааз, эрх зүйн соёл, сэтгэлгээг богино хугацаанд халж өөрчлөх боломжгүй байсан бололтой. Монголчуудын хувьд туурга тусгаар Монгол улсыг байгуулах тухай үзэл санаа түүхийн ямар ч үед илэрч байсан язгуурын үзэл сэтгэлгээ байсан бөгөөд 1709 оны “Гурван хошууны Их цааз”-ын тахил шүлэгт “…төр хийгээд, улс дэлгэрэн, аль муу үйлийн нэрийг дурдахын төдий ч тун үгүй болгоод сэтгэл амууж …”[1] гэж манжийн эрхшээлд орсны дараа ч мөн л хууль цааздаа илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл туурга тусгаар байх үзэл санаа монголчуудад өвөг дээдсээс нь уламжлагдсан мөнхийн сэдэв болж төлөвшсөн юм.
Манай улсад 1970-аад оны эхээр Богд хаант Монгол улсын эрх зүйн судалгааны үндсийг тавьсан байна. 1974 онд эрдэмтэн Б.Содовсүрэн “Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз” сэдэв судалгааны бүтээл туурвисан нь эл үеийн дагасан анхны бүтээл байсан юм. Үүнээс хойш 1997 онд доктор О.Батсайхан, З.Лонжид нар хамтран “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг, 2003, 2005 онд доктор Ж.Гэрэлбадрах, Ү.Дэлгэрмаа нар хамтран “Улсын дээд, доод хурал” баримт бичгийг 3 дэвтрээр эмхтгэн хэвлүүлсэн нь эл үеийн эрх зүйн түүхийг судлахад суурь судалгааны хэрэглэгдэхүүн болсон юм. Мөн 2004 онд доктор Ж.Урангуатай хамтран “Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм” хэмээх бүтээл хэвлүүлсэн бөгөөд энэхүү бүтээлд уг эх сурвалжийн хэл, түүх, эрх зүйн судалгааг хийсэн нь нэн ялангуяа “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг мөрдөх хүртэл 1911-1918 оны хоорон дахь эрх зүйн түүхийг судлахад ихээхэн ач холбогдолтой болсон юм.
Дээр дурдсан эрх зүйн түүхийн дагнасан бүтээлүүдээс гадна түүх судлаачид эл үеийн төр, эрх зүйн түүхийн ерөнхий төлөв байдлыг судалсан нь цөөнгүй юм[2].
Гэхдээ судлаачид эл үеийн төрийн байгуулал, байгууллагын тогтолцоог зөрүүтэй байдлаар судалсан. Өөрөөр хэлбэл “Улсын хурлын яам, Гаалийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Бүгд Ерөнхий шийтгэгч яам” зэрэг байгууллагуудын талаар харилцан адилгүй он цаг, эрх хэмжээний асуудлыг хөндсөн байна. Мөн хууль цаазын эх сурвалжийн талаар зөвхөн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг ихэвчлэн дурдсанаас бус нэн ялангуяа хааны зарлиг, лүндэн, яамдын сайдуудын шийдвэр, харилцсан албан бичгүүд, судалж орчуулсан бүтээлүүд зэрэгт тэр бүр анхаарал төвлөрүүлээгүй нь судалгаанаас харагдаж байна.
Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын эрх зүйн түүхэнд холбогдох “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг” хэмээх хууль цаазын эх сурвалжийг эл үеийн хамгийн гол эх сурвалж гэж судлаачид үзсээр ирсэн. Үүнийг нь үгүйсгэхийн аргагүй юм. Гэтэл энэхүү цаазыг зохиолгохоор 1915 онд Богд хааны зарлигаар комисс байгуулж[3]эрх зүйн дагнасан судалгааг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Манж Чин улсын үеийн "ерөнхий хууль 100 дэвтэр, тусгай хууль 180 дэвтэр, цэргийн дүрэм 69 дэвтэр, эрүү шүүлтийн хууль 47 дэвтрийг орчуулан ашиглаж, мөн монголын эртний хууль зүйг баримтлан” [4] 1918 онд уг хуулийг зохиож, хэлэлцэн батлах үе үндсэндээ дуусаж хэвлэх ажиллагаа эхэлжээ. Энэхүү "ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг"-ийн 51 дэвтэр нь “Манжийн хуучин хуулийн заалтыг Монголын төрийн уламжлалын дагуу өөрчлөн найруулсан…”[5] гэж судлаачид бичсэн байдаг ч монголын уламжлалт хууль цаазад анх удаа төрийн байгууллагуудын бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага, түшмэлийн зэрэг дэв, цалин пүнлүү, татвар зэрэг нэлээдгүй асуудлыг нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” нь тусгаар тогтносон нэгдмэл, хэмжээгүй эрхт хаант төрийн байгуулалтыг бэхжүүлсэн, нэгдмэл улс болохыг мөн нийгмийн харилцааны бүхий л хүрээг хамарсан зохицуулалт бүхий хууль цаазын томоохон сурвалжийн нэг юм. Гэтэл эл эх сурвалжийн
Нөгөө талаар уг цаазыг 1918 оноос мөрдөж эхэлсэн гэж үзвэл 1911 оноос хойш 1918 оныг хүртэл Богд хаант Монгол улсын нийгмийн харилцааг хэрхэн, ямар эрх зүйн эх сурвалжаар зохицуулж байсан бол гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.
Богд хаант Монгол улсын Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны “Олноо өргөгдсөний тэргүүн оноос нааш олон яамнаас айлтгаад тогтоосон ба тусгайлан зарлиг буулгаж нийтээр дагаж буй хэргийн товчоо дэвтэр” хэмээх данс бүртгэлд 1911 оноос 1917 оны 4 сар хүртэлх хугацаанд хааны зарлигаар тогтоосон хууль цаазын шинжтэй 63 бичиг бүртгэгдэж байжээ[6]. Тэдгээрийн нэг нь 1913-1919 оны хооронд “Таван яам хамт нийлж хувьсган тогтоож айлтгаад, одоогийн дагаж шийтгүүлэн буй хууль дүрмийн дэвтэр бичиг” буюу “Жинхэнэ дагаж явах хууль дүрэм”[7] хэмээх 12 дэвтэр бүхий эрх зүйн актыг эмхтгэн мөрдөж байжээ. Өөрөөр хэлбэл “ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг”-ийг хүчин төгөлдөр мөрдөх хүртэлх нийгмийн харилцааг зохицуулахад чиглэсэн эрх зүйн актууд юм. Энэхүү хууль, дүрмийн дийлэнх хувийг лам нартай холбоо бүхий зохицуулалт эзэлж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд тэдгээртэй холбоо бүхий нийгмийн эерэг болон сөрөг үзэгдлүүд нэлээдгүй гарч байсных юм. И.М.Майский “Автономит Монгол дахь санваартан язгуур эхнэргүй байхаа андгайлсан олон тооны зөвхөн лам нараас бүрэлдэнэ. Монголчууд хоёр хүүгийнхээ нэгийг лам болгодог заншилтай болохоор лам нарын тоо замаа алджээ”[8] гэж тэмдэглэсэн, мөн 1918 онд “Автономит Монголын монгол хүн амын яс тоо хагас саяас ялимгүй илүү (542504 хүн амтай байсан)”[9], “Тус оронд байгаа лам нарын нийт тоо 115 мянгад хүрдэг...”[10] гэсэн түүхийн мэдээнд үндэслэвэл нийт хүн амын бараг гуравны хоёр нь бурхны шашны лам хувраг төдийгүй тэдгээрээс өдүүлсэн гэмт хэрэг нэлээдгүй гарч энэхүү хуулийн агуулга нь ихэвчлэн тэдгээрт чиглэн зохицуулах болсон нь эрх зүйн позитивизм зүй ёсоор хөгжиж байсныг харуулна.
Эл үед монгол улсыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс болгох, дэлхийн улс орнуудтай энэ тэнцүү харилцах, асуудалд бид 1912 оны ДИУ, Хаант Оросын найрамдлын гэрээ, 1915 оны гурван этгээдийн Хиагтын хэлэлцээр зэрэг түүхэн үйл явдлуудыг судлаачид өгүүлсэн нь олонтой ч төр, улсыг төвхнүүлэх бүтээн байгуулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндэс, үзэл баримтлалд ашигласан номлол, онолын үндэслэлийг эх сурвалж түшиглэн судлаагүй байна. Зөвхөн шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант засаглалтай Монгол Улс гэж бүгд хос ёсны сургаал төрийн гол үзэл баримтлал болсон гэж бүгд дүгнэдэг ч Хубилай сэцэн хааны төр ёсны хос ёсны сургаалыг хэрхэн уламжлан хөгжүүлсэн, баяжуулсан эсвэл дахин хос ёсны өөр номлолтой болсон уу? гэдэг нь өнөөдөр мөн л тодорхой биш байна. Гэтэл Монгол Улсын Үндэсний номын санд “Монгол Улсын арван буянт номын цагаан түүх” хэмээн нэрлэсэн эх сурвалж байх жишээтэй. Уг сурвалжийг “Монгол Улс” хэмээн нэрлэсэн нь нэлээд сонирхол татаж байна. Мөн “Үндэсний номын сан”-д 1910-аад оны үед хятад хэлнээс орчуулсан “Түмэн улсын ердийн цааз” хэмээх эх сурвалж хадгалж байгаа бөгөөд энэхүү эх сурвалжийг Америкийн хуульч, дипломатч Хенри Вытоны туурвисан “Elements of International Law”[11] бүтээлийн орчуулга юм. Энэ бүтээлийн агуулга нь олон улсын эрх зүйн онолын асуудлыг дэлгэрэнгүй авч үзснээс гадна дэлхийн улсуудын төрийн байгууллын бүтэц, хэлбэрийг нэлээд онолын түвшинд боловсруулсан бүтээл юм.
“Улсын хурал” байгуулах санааг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд да лам Г.Цэрэнчимэд сэдэн санаачилсан тухай Г.Навааннамжил тэмдэглэжээ[12]. Тэгвэл да лам Г.Цэрэнчимэд “Улсын хурал” байгуулах санааг хаанаас мэдэж боловсруулсан бэ? гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Тэгвэл “Түмэн улсын ердийн цааз”-д “Нийлэлдсэн улсын цаазыг тогтоох эрх тэдний ерөнхийлөх хуралд буй. Ерөнхийлөх хуралд дээд доод хоёр гэр буй. (01-B.17b) Дээд гэрт агчдыг эл улсын хурлаас сонгосон нь болой. Доод гэрт агчдыг эл улсын иргэн хүн өргөсөн нь болой.” ингэж уг эх сурвалжид парламентын дээд, доод танхимын тухай өгүүлсэн, мөн Намнансүрэн, Навааннэрэн, Жамъяандорж “... дэлхийн дахины олон хүчирхэг бөгөөд, баян боловсорсон улс цөм улсын хурал нээн шийтгэж, төлөөнөө хүн гаргаж Дээд хуралд улс төрийн ашиг зовлонг хэлэлцэх ба, Доод хуралд газар оронд тус бүхий үгүйн их төлөвийг тайлбарлан хэлэлцэхэд тус тус тэргүүн байгуулж нийтийн бодлого нэгтгэснээс бүх хүчнийг олжухуй. ...”[13] гэж Богд хаанаас Улсын Дээд, Доод хурлын газар нээх зарлиг гуйсан бичигт өгүүлсэн байна.
Тэдгээр шинэ тулгар Монгол Улсын төрийн бүтэц, эрх хэмжээг дэлхийн улс орнуудтай энэ тэнцүү хэмжээнд зохион байгуулах эх үндсийг эрэлхийлж магадгүй энэхүү “Түмэн улсын ердийн цааз”-аас санаа авч байсныг үгүйсгэхгүй юм. Энэхүү зохиолд, Ерөнхийлөх хурал эрх барьж, гааль гувчуур хураан улсын өрийг төлж, зовлонг сэргийлэн амгаланг батлах бөгөөд нийлэлдсэн улсыг бүгдээр найралдуулж болох ба нийлэлдсэн улсын захиаг баримтлан зоос зээлдэж болох, дотоод гадаадад худалдаа нэвтрүүлэх дүрэм хэмжээг тогтоох ба гадаадын хүнийг дансанд оруулах дүрмийг тогтоож шийдэж тогтсон мөнгөн зоосны дүрэм ба нэвтрүүлэх эрдэнийг цутгахыг тогтоох, жигнүүр хэмжээг тогтоох захианы хороо байгуулах, зэргээр эрх хэмжээг нь заасан нь улс үндэстний нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх, арга хэмжээ, өөрийн эрх мэдэлд байвал зохих бүхий л асуудлыг бүгдийг нь хамааруулан авч үзсэн нь “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-т тодорхой хэмжээгээр тусгагдсан байна.
Эцэст нь Богд хаант Монгол Улсын эрх зүйн асуудлыг бидэнд үлдэж, хадгалж буй эх сурвалжуудыг судлаж төрийн байгуулалт, байгууламж, төрийн гадаад, дотоод бодлогын үндэс, түүний үзэл баримтлалыг тогтоохгүй бол 1921 он, энэ оноос хойшхи түүхийн хөгжлийн эхлэл, залгамж холбоо алдагдаж байгааг эрхэм мэргэд тунгаан бодох цаг болжээ.
Мөн өнөөдөр 1911 оны Монгол Улсын төр, улсын тусгаар тогтнолын түүхэн ач холбогдлыг нийгэм, улс төрийн аль ч түвшинд үнэлэхгүй байгаа нь та бидний судалгааны үр дүн тааруухан байгаатай холбоотой.
[1] Баруун Хүрээний халх журам. ҮНС.
[2] Батсайхан О. Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ (1911-1916). УБ., 2002; Батсайхан О. Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд (1911-1946). 2005; Жамсран Л. Олноо Өргөгдсөн Монгол Улс. УБ., 1992; Жамсран Л. Монголчуудын сэргэн мандалтын эхэн. УБ., 1992; Магсаржав Н. Монгол Улсын шинэ түүх. УБ., 1994; Пунцагноров Ц. Монголын автономит үеийн түүх. УБ., 1955; Сандаг Ш. Монголын улс төрийн гадаад харилцаа 1890-1919. Тэргүүн дэвтэр. УБ., 1970; Урангуа Ж. ХХ зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл. УБ., 1997; Урангуа Ж. ХХ зууны эх үеийн Монгол Улс (1911-1919). УБ., 2006; гэх мэт
[3] Шинээр хууль цааз зохиох газрыг байгуулахаар хэлэлцсэн нь. Нэгэн зүйл. Хууль зүйлийн бичгээс чухал хэрэглэвээс зохихуйг нь ялган салгаж залруулан тогтоосугай хэмээн айлтгаад зарлиг ёсоор болгосон хэргийн нугалбарыг үзэж хянаваас урьдаар хууль зохиох хүрээ нээн байгуулж олон газар орноос бичиг хэрэгт боловсронгуй түшмэдийг ирүүлэн, тухай дор олон яамнаас сайд түшмэлийг томилж Шүүх яамнаа хавсарган захируулж хамт хуралдан хэлэлцэж тогтоовоос ямар хэмээн хэлэлцёэн явдлыг Дээд хуралд толилуулан тогтоолгохыг эрсүгэй хэмээн үүнд хорин зургааны Дээд хуралд үзэж Доод хурлын энэ мэт төлөвлөн цохсон нь зүйтэй тул эл хэрэгт олон яамны тэргүүн сайдууд дахин зөвлөж чадах сайд түшмэдийг сонгон томилон гаргаж гүйцэтгүүлье хэмээвэй. (1915.05.07). Монгол улс, ҮТА, хм-А-1, д-1, хн-1, х. 27-28, хуулга. Монгол улсын дээд, доод хурал. Баримт бичгийн эмхтгэл. I дэвтэр (1914-1916), Эмхтгэсэн Ж.Гэрэлбадрах., Ү.Дэлгэрмаа., Э.Жавзандулам, УБ., 2003. 144 дэх тал.
[4] БНМАУ-ын түүх. УБ., 1968. II боть. 545 дахь тал.
[5] ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг. УБ., 1995. Өмнөх үг
[6] Содовсүрэн Б. Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз. 1911-1920. УБ.,1989. 56 дахь тал.
[7] “Жинхэнэ дагаж явах хууль дүрэм” хэмээх 12 зүйл бүхий эрх зүйн актыг дор жагсаавал: Нэгдүгээр зүйл. Аливаа Нийслэл хүрээнээ сууж дацан, аймагт захирагдан хурал сургууль үйлдэж бүхий мяндагтан ба гэлэн, гэцэл, санваартантай буюу гэнэн боловч, хурал сургуулийн ба албан хаах лам нарыг хэргийн учир зарлан байцаах шүүх хэрэг тохиолдвоос урьдаар Эрдэнэ Шанзудбагийн яамнаа мэдэгдэх тухай дүрэм. Хоёрдугаар зүйл. Харъяат шавийн яам, мөн үүдний Их сангийн зэрэг газрын албан хаах тушаалын хүн нараас дураар олон яамнаа албан хаалгаж болохгүй, хэрэв хаалгаваас зохих учир ялгавартай нь аваас тухай бүр нэр зэргийг тодорхойлон айлтгаж тогтоолгох тухай дүрэм. Гуравдүгаар зүйл. Аливаа цаазалсныг зөрчин явагчдад ял оноовоос зохих, уг ялд золио авч шийтгэх мөнгөний лий-г цэн болгон хураахаар хувьсган тогтоосон дүрэм. Дөрөвдүгээр зүйл. Аливаа мал хулгаж, цөлөх, алах ялт хулгайн ялыг хувьсган тогтоож жилийн хугацаагаар дөнгө дөнгөлж шийтгэн дуусгах зэрэг тухай дүрэм. Тавдугаар зүйл. Аливаа гадаад, дотоодын хүн нарт өр байгуулж, төлөх чинээгүй чирэгдүүлэн хохирогдуулагчдын өрийг отог, баг, ураг төрлөөс төлөө төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосон тухай дүрэм. Зургаадугаар зүйл. Урьд эдүгээгийн лүндэнгээр тогтоосон олон зүйлийн дүрэм элдэв хэргийг аливаа алба яамны газраа дэмий дураар өвөрчлөн халж болохгүй, хэрэв цагийг дагаж залруулах зүйл байхул урьдаар тодорхойлон айлтгаж, тогтоолгох тухай дүрэм. Долдугаар зүйл. Аливаа архи уух, мөрийцэн наадах зэрэг аар саар хэргийг өөр өөрийн харъяат газар эрхлэн шийтгүүлэх тухай дүрэм. Наймдугаар зүйл. Аливаа чинээ бүхий маймаачин хүн нар хөдөө газраас ирэх хонь, мал, сүү, тос, өвс, түлээг зам тосон авахыг цаазлан зогсоосон тухай дүрэм. Есдүгээр зүйл. Аливаа хэрэг халдагсдыг торгосон ял малын үнийг бүрнээ өөр өөрийн эрхлэн шийтгэсэн газар хураах зэргээр тогтоосон тухай дүрэм. Аравдугаар зүйл. Аливаа хулгай худлын зэрэг хэрэгт Зарлигаар дагаж одоо явуулах цааз хууль арван зүйл. Арван нэгдүгээр зүйл. Нийслэл Хүрээний Эрдэнэ Шанзудбаг чуулганы даргад адилтгаж, отгийн их, бага даргыг засаг тайж, занги нарын адил мал торгох зэргээр тогтоосон дүрэм. Арван хоёрдугаар зүйл. Аливаа лам нар хороо харчуудын газраа хольцолдон муу самуун явахыг нь цагдан цээрлүүлэх учраа тогтоосон гучин хоёр зүйлийн дүрэм. Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм. УБ., 2004. Эмх. Ж.Урангуа, Б.Баярсайхан.
[8] Майский И. Орчин үеийн Монгол (Автономит монгол XX зууны гараан дээр) УБ., 2001. 38 дахь тал.
[9] Майский И. Орчин үеийн Монгол (Автономит монгол XX зууны гараан дээр) УБ., 2001. 26 дахь тал.
[10] Майский И. Дээр дурьдсан бүтээл. 351 дэх тал.
[11] Эл бүтээлийг Хенри Вытон 1836 онд Филаделфиа, Лондон хотод өөрийн бүтээл болох олон улсын эрх зүйн элемент шинжлэх ухааны түүхийн тэмдэглэлээ нэгэн зэрэг хэвлүүлсэн. Тэр цагаас хойш олон улсын эрх зүйн элемент бүтээл нь олон удаа хэвлэгдэн гарсан. Вытон 1836-1846 оны хооронд хэвүүлсэн бүтээлүүддээ нэмэлт өөрчлөлт хийсэн. 1848 онд Вытон нас барахаасаа өмнө өөрийн бүтээлийг дахин засварлаж Францийн Парис, Лейпзигт түүнчлэн олон улсын эрх зүйн талаарх сүүлийн хэлсэн үгээ 1846 онд Англи хэлээр тус тус хэвлүүлсэн байна.
[12] Монгол Улсын дээд, доод хурал. Баримт бичгийн эмхтгэл. I дэвтэр. (1914-1916). УБ., 2003. Эмхтгэсэн. Ж.Гэрэлбадрах., Ү.Дэлгэрмаа., Э.Жавзандулам. 8 дахь тал.
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2012-09-25 -
Бичсэн: Анхаа (зочин) |
Мэдээллээ авч чадлаа Баярлалаа |
Бичлэг |
P2012-02-08 -
Бичсэн: Зочин |
яахав дээ |
Бичлэг |
P2012-01-03 -
Бичсэн: эрдэнэ уул (зочин) |
та аль нутаг вэ |
Бичлэг |
P2011-03-15 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-04-15 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-04-05 -
Бичсэн: Зочин |
Аймар баяралсан шүү |
Бичлэг |
P2010-03-07 -
Бичсэн: Зочин |
|
Бичлэг |
P2009-10-22 -
Бичсэн: Зочин |
маш их баяарлалаа |
Бичлэг |
P2012-11-02 -