P2007-05-29 - Монгол Улсын төр, эрх зүйн түүхийн судалгаа
Монголын төр, эрх зүйн түүхийн судалгаа манай улсад 1930-аад оны үеэс эхэлсэн. Монгол оронд үндэсний ардчилсан хувьсгал ялснаар нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт хийж, нэн ялангуяа өнгөрсөн нийгмийн хууль цаазын тогтолцоог халж социалист хэв маяг бүхий хууль тогтоомжийг шинээр боловсруулах, батлах үйл ажиллагааны зэрэгцээ 1926 онд “Судар бичгийн хүрээлэн” байгуулснаар монголын хууль цаазын эх сурвалжийг эрэн сурвалжлах, цуглуулах судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах, архив, номын сангийн сан хөмрөг бүрдүүлэх ажил эхэлснээр энэ салбар ухааны судалгааны сан хөмрөгийн, мөн 1926-1930 онд хуульчдыг бэлтгэх “Монголын нутгийн захиргаа, цааз хуулийн сургууль”-д монголын нэрт тольч, эрдэмтэн Я.Цэвэл “Монголын эртний цагийн цааз хуулийн түүхэнд холбогдох хэрэглэгдэхүүн”[1] хэмээх лекц уншиж байсан нь энэхүү салбар ухааны судалгааны шанг тус тус татсан байна. Үүнээс хойш судлаачдын дунд Л.Дэндэв[2]-ийн гэж алдаршсан “Монголын эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэв дэвтэр” хэмээх бүтээлийг БНМАУ-д шүүх байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан туурвиж хэвлүүлсэн нь эл салбарын анхны судалгааны бүтээл юм.
Монголын төр, эрх зүйн түүхийн судалгаа 1920-оод оноос сүүлээс ЗХУ (хуучнаар)-ын Дорнодахины хүрээлэнгийн эрдэмтэд тэр дундаа Цэвээн Жамсранно хууль цаазын эх сурвалжуудыг олж цуглуулах, хуулбарлах, орчуулах, хэвлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ судалгааны хүрээнд “Гурван хошууны Их цааз” буюу “Халх журам”, “Монгол Ойрдын Их цааз” зэрэг эх сурвалжийг монгол, тод монгол бичгээс хөрвүүлэх, орос хэлрүү орчуулж, хэвлүүлсэн нь өнөөдөр ч судалгааны үнэ цэнээ алдаагүй байна. Харамсалтай нь тэрээр “Гурван хошууны Их цааз” буюу “Халх журам”-ын эхүүдийг гараараа хуулж, хувийн тэмдэг даран хуулбарлан үлдээсэн эхийг Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж байгаа бөгөөд үндсэн эхийг тухайн үед ЗХУ (хуучнаар)-д авч явсан сураг байдаг ч ОХУ-ын хэвлэсэн Санктпетербургийн Дорнодахины хүрээлэнд хадгалж буй Монгол судлалын ном зүйн бүртгэлд тодорхой тусгасангүй[3].
БНМАУ-д 1950-иад оны сүүл 1960 оны эхээр төр, эрх зүйн түүхийн судалгаа нэлээд эрчимжиж, 1958 онд профессор С.Жалан-Аажав “Халх журам монголын хууль цаазын дурсгалт бичиг мөн” хэмээх нэг сэдэвт бүтээл туурвисан нь уг эх сурвалжийг анх удаа хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд судалж, судалгааны эргэлтэд оруулсан юм. Мөн Ц.Насанбалжир 1963 онд “Халх журам” хэмээх бүтээл хэвлүүлсэн бөгөөд энэхүү бүтээлд Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж байсан “Баруун хүрээний Халх журам”, “Их Хүрээний шавь яамны Халх журмын дүрэм” гэсэн хоёр эхийг монгол бичгээр барлан өрж эмхтгэсэн бөгөөд үүнээс хойш дахин “Халх журам”-ын эхүүдийг Монгол Улсад хэвлээгүй юм. Харин профессор С.Жалан-Аажав 1995 онд Баруун хүрээний Халх журмыг “Өртөөний хууль, хулгайн цааз, гэрлэлт, гэр бүлийн тухай хууль, босуулын тухай хууль, цагаачлагчийн тухай хууль” гэж ангилан, төрөлжүүлж, зарим үг, өгүүлбэрийн шинжлэх ухааны тайлбар хийж хэвлүүлсэн нь энэхүү сурвалжийг гүнзгийрүүлэн судлах, дараа дараагийн судлаачдад институтын түвшинд судлахад дөхөм болсон юм.
Үүнээс гадна 1970 онд Монгол, Зөвлөлтийн археологч Х.Пэрлээ Э.В.Шавкунов нарын удирдсан эртний хот суурин судлах отряд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Цогтын Харбухын балгасны нэгэн сувраганы нурангаас “Үйсэн дээр бичсэн бичсэн 18 цааз” олсон нь Монголын эрх зүйн түүхийн 15 дугаар зууны үеийн судалгаанд үнэлж баршгүй олдвор юм. Энэхүү үйсэн дээр бичсэн цаазыг 1974 онд Х.Пэрлээ “Монгол ба Төв Азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвалж бичиг”[4] хэмээх бүтээлдээ өөрийн гараар монгол бичгээр хуулбарлан хэвлүүлснээр нь судлаачид өвлөн судалсаар байна. Ингэж монгол нутгаас олдсон хууль цаазын эх сурвалж дахин одоо хүртэл олдоогүй байна.
1974 онд Б.Содовсүрэн “БНМАУ-ын эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн хөгжил”[5] сэдвээр Монголын төр, эрх зүйн түүхийн чиглэлээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэргийг анх удаа, үүнээс хойш И.Дашням, Г.Баярхүү, Т.Алтангэрэл нар мөн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм[6].
Мөн эл үеэс хойш 1980-аад оныг хүртэл Ц.Нацагдорж, Д.Гонгор, Ц.Сономдагва, Ч.Далай, Г.Сүхбаатар зэрэг түүх судлаач эрдэмтэд өөрсдийн бүтээлд үе үеийн монголын төр, эрх зүйн түүхийн асуудлыг хөндөж энэхүү салбар шинжлэх ухааны хөгжилд суурь судалгаа болж, өнөөдөр тэдгээрийн судалгааны түвшингөөс ахисан судалгаа хараахан хийгээгүй байна.
Монголын төр, эрх зүйн түүхийн чиглэлээр 1973 оноос хойш 1989 онд хууль зүйн ухааны доктор Б.Содовсүрэнгийн “Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз”, 1997 онд Академич Ж.Болбаатар, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нар хамтран “Монгол төр, хууль цаазын түүхэн уламжлал”, хууль зүйн шинжлэх ухааны доктор И.Дашнямын “Монгол Улсын төр, эрх зүйн түүх /МЭӨ 209-МЭ XIII зууны дунд үе/ Тэргүүн боть хэмээх бүтээлүүдээс өөр энэхүү салбар түүхийн хөгжлийн чиг хандлагыг нэгтгэн дүгнэсэн судалгаа, бүтээл цөөхөн туурвисан байна.
Мөн хууль зүйн салбар шинжлэх ухааны түүхийн судалгааны хүрээнд нэгд: төр, захиргааны эрх зүйн чиглэлээр профессор Э.Авирмэд, Б.Чимид, С.Төмөр, Н.Лүндээжанцан, Дашцэдэн, хоёрт: эрүүгийн эрх зүйн чиглэлээр профессор Г.Совд, Б.Содовсүрэн, академич С.Нарангэрэл, С.Жанцан, Д.Аъяасүрэн, гуравт: иргэний эрх зүйн чиглэлээр профессор Т.Мөнжаргал, Л.Баасан, Жамбалдорж, дөрөвт: экологийн эрх зүйн чиглэлээр Т.Сэнгэдорж, О.Амархүү зэрэг эрдэмтэд дээрх 4 чиглэлээр салбар эрх зүйн түүхийг судалснаас гадна сүүлийн үед монголчуудын эрх зүйн онол, сэтгэлгээний хөгжлийн чиглэлээр профессор Н.Лүндэндорж, Х.Сэлэнгэ зэрэг эрдэмтэд судалж өөрсдийн бүтээлүүддээ тусгасан байна.
Ингэж судлаачид салбар эрх зүйн түүх, онол, сэтгэлгээний хүрээнд эрх зүйн түүхийг судалснаас гадна Монголын эрх зүйн түүхийн тодорхой үеийг хамарсан судалгааг 1998 онд доктор Г.Баярхүү “Монголын нэгдсэн төрийн болон дараах үеийн хууль цааз, заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь”, 2002 онд профессор И.Дашням “Монгол оронд дундад үеийн эрх зүйн тогтолцоог халж, шинэ үеийн эрх зүйн анхны тогтолцоо бүрэлдэн тогтсон нь (1921-1940)” сэдвээр хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, хууль цаазын эх сурвалжийн ерөнхий ойлголтын хүрээнд Т.Алтангэрэл 2000 онд “Монгол-Ойрадын их цааз төр, эрх зүйн түүхэн эх сурвалж болох нь” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан нь энэхүү салбар шинжлэх ухааны хөгжилд зохих хувь нэмэр оруулсан.
Хэдийгээр өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Монголын эрх зүйн түүхийн судалгааг чамлахааргүй хийж ирсэн ч бид эл салбарын түүхийн судалгааг эргэн харж, дүгнэх цаг нэгэнт болжээ.
Монголчууд төр ёсны хэдэн мянган жилийн түүхтэйгээр бахархаж, дэлхийд Чингисийн монгол гэж дуурсагдах нэртэй ч үнэн хэрэгтээ эл үеийн түүхийг гадны монгол судлаачдын судалгаагаар, дэлхийд орчин цагийн монголыг XIII зууны үеийн аж төрөх хэв ёсны хүрээнд төсөөлөх хандлага түгээмэл байгаа нь бидний судалгаа буурай байгаатай шууд холбоотой. Гэтэл манай улсад “Их засаг” цаазын дагнан судалж, судалгааны эргэлтэнд оруулсан судлаач байхгүй, судалгааны бүтээлүүд нь МНТ, Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Судрын чуулган зэрэг цөөн хэдэн эх сурвалжид дурьдсан хэдхэн зүйлийг орос хэлээр эсвэл Өвөрмонголд хэвлэгдсэн хятад хэлний орчуулга, зарим нь бие биенээсээ дамжуулан хуулсан бичвэрийг судалгаа гэж эндүүрэх нь түгээмэл болжээ. Бүр цаашилбал, төрийн эрх бүхий байгууллага “Их засаг” цаазын уг эхийг залах тухай шийдвэр гаргаж байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Гэтэл “Их засаг”-ийг дагнан судалж, дэлхийн монголч эрдэмтдэд хүлээн зөвшөөрөгдсөн Францын судлаач Алоны[7] бүтээлүүдийг судалж туурвисан бүтээл тун ховор байх юм. Энэ мэтийн жишээ олныг татаж, хүүрнэж болох юм.
Хэдийгээр профессор С.Жалан-Аажав 1709 оны “Халх журам”-ын тухай, доктор Т.Алтангэрэл 1640 оны “Монгол-Ойрдын их цааз”-ын тухай ерөнхий судалгаа хийснийг эс тооцвол, бидэнд мэдэгдээд байгаа цөөн хэдэн хууль цаазын эх сурвалжийг судлаагүй, зөвхөн иргэний түүхийн судалгаанд оносон, ташааран бичигдсэн төдийхнөөр төсөөлсөөр л байна.
Монголын эрх зүйн түүхийн судалгаа хронологи үечлэлээр баталсан, нэмэлт, өөрчлөлт оруулсан хүчингүй болсон хэмээх тодотголтойгоор энгийн танин мэдэхүйн түвшинд судалж үзэл суртал, формацийн онолын байр сууринаас хандаж ирсэн нь эл салбарын түүх, түүхийн судалгааны ач холбогдолыг бууруулах, судалсан ч иргэний түүхийн судалгааны хүрээгээр хязгаарлаж, тэр түвшинд л ойлгож, дүгнэж ирснийг одоо ч улируулан судлах үзэгдэл хэвээр хадгалагдсаар байна. Өөрөөр хэлбэл, “Монголын төр, эрх зүйн түүх”-ийн судалгаа өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд түүхийн танин мэдэхүйн хүрээнээс хэтрээгүй, дээр дурьдсан гурвын зэрэг эрдэмтдийг эс тооцвол дагнан судалсангүй.
Гэтэл эл салбар түүхийн дэлхийн хөгжлийн чиг хандлага нь түүхэн цаг үеийн онол, сэтгэлгээний үзэгдэл, түүний хувьсал өөрчлөлт, хандлагыг шинжлэх ухааны онолын түвшинд судалж, харин судалгааны уламжлалт хэлбэр болох хронологи үечлэл дэх институтыг онол, сэтгэлгээний илрэх хэлбэр талаас нь баримтжуулахад хэм хэмжээ буюу эх сурвалжийг зөвхөн судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашигладаг нь нэгэнт тогтсон хандлага тул “Эрх зүйн түүх” гэсэн нэрээр судалдаг байна. Өөрөөр хэлбэл, төрийн түүхийг үзэгдлийнх нь хувьд авч үзэж болох хэдий ч эрх зүйн түүхийн суурь судалгааны үр дүнгээр түүхэн цаг үеийн төрийн байгуулал, байгууламжийн хэлбэр, агуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулж судлах нь нэгэнт тогтсон арга, арга зүйн хандлага юм.
Түүхэн цаг үеийн эрх зүйн онол, сэтгэлгээний хөгжлийн хандлагыг судлахад эх сурвалж судлалыг хөгжүүлэх, эх сурвалжийг нээн илрүүлэх, хэл зүйн судалгаа хийх, түүхэн цаг үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцооны хэв шинжийг тодруулахгүйгээр эрх зүйн түүхийн суурь судалгаа хийх боломжгүй бөгөөд сүүлийн үед дэлхийн шинжлэх ухааны синтец хөгжлийн хандлагыг ажигласан ч байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаануудын судалгааны арга, арга зүйн дэвшилд тулгуурлан Монголын эрх зүйн түүхийн судалгаанд хууль цаазын сурвалж судлалын салбар бий болгож хөгжүүлэх, энэхүү суурь судалгааны үр дүнд тулгуурлан онол, сэтгэлгээний хөгжлийн чиг хандлагыг ажиглах, нэгтгэн дүгнэх, шүүн тунгаах зэргээр уг салбар түүхийн судалгааны уламжлалт хэв загвар, гажуудлыг арилгах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, аливаа түүхийн судалгаа архелоги, антропологи, этнографи зэрэг шинжлэх ухааны ололтод шууд тулгуурлахгүй бол тухайн судалгаа бодит агууллагаа алдахад хүрдгийг ямагт санах нь түүхийн судалгааны нэг гол баримтлал мөн.
Эцэст нь 1921-1980 оны сүүлч хүртэлх эрх зүйн тогтолцоог түүх болгон судлах үе нэгэнт болжээ. Гэтэл эл үеийн эрх зүйн түүхийг тусгасан баримтуудыг нэхэн судлах, архивын сан хөмрөгийг таацтайхан бүрдүүлэхгүй бол биднээс улам бүр холдож, балархай болоод байгаа цаг үеийг танин мэдэх боломжгүй болоход хүрчээ. Өөрөөр хэлбэл архивын сан хөмрөгт эл үеийн хууль тогтоомж, баримтыг бүрэн хадгалж үлдээгүй байна. Тухайлбал, 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн эх, баталсан тогтоол, хэлэлцсэн тэмдэглэл зэрэг нь Монгол Улсын Үндэсний түүхийн архивт байхгүй байна.
Энэхүү асуудал Монголын эрх зүйн түүхийн судалгааны хамгийн тулгамдсан, сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгааг анхаарах цаг нэгэнт болжээ.
[1]Энэхүү бүтээлийг 2002 онд кирилл бичигт хөрвүүлэн хэвлүүлсэн болно.
[2]Лхамсүрэнгийн Дэндэв. 1895 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу /одоогийн Төв аймгийн Баянцагаан сум/-нд төрсөн. 1906 онд Их Хүрээний манж, монгол, хятад бичгийн сургуульд зургаан жил суралцаж манж хэлний боловсрол эзэмшсэн. Тэрээр 1911-1917 онд Богд хаант Монгол Улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яаманд бичээч, 1917-1919 онд эх зохиох түшмэл, 1919-1921 онд харьяат хошууныхаа тамгын газрын мэйрэн, 1925-1930 онд Шүүх яамны сайд, 1932-1934 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн орлогч дарга, 1934-1940 онд жинхэнэ дарга, 1945 оноос Улсын төв архивт манж хэлний орчуулагч-мэргэжилтнээр, мөн МУИС-д манж хэлний багшаар давхар ажиллаж байжээ.
[3]Пучковский Л.С. Монгольские рукописи и ксилографы Института Востоковедения. Том I, История, право, Москва-Ленинград. г. 1957, Сазыкин А.Г, Каталог Монгольских рукописей и ксилографов Института Востоковедения Российской Академии Наук, Том II, III, Москва, г. 2001,
[4] Пэрлээ Х, Монгол ба Төв Азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвалж бичиг. УБ., 1974, Monumenta Historica Instituti Historiace Academiae Scientiarum Reipublicae Populi Mongolici. Tomus YI, Fasclculus 1-2.
[5] Сэнгэдорж Т, Хууль зүйн шинжлэх ухаан, УБ., 123 дахь тал.
[6]Баярхүү Г. “Монголын нэгдсэн төрийн болон дараа үеийн хууль цааз, заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь” сэдвээр 1995 онд, Алтангэрэл Т. “Монгол-Ойрадын их цааз төр, эрх зүйн түүхэн эх сурвалж болох нь” сэдвээр 2000 онд тус тус Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
[7] Ayalon, David: „The Great Yasa of Chingiz Khan: a re-examination, A” , Studia Islamica 33 (1971), S. 97-140.
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2010-11-27 -
Бичсэн: Зочин |
баярлалаа
|
Бичлэг |
P2010-11-23 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-04-08 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-04-08 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2009-12-17 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2009-10-22 - ok
Бичсэн: Altankhundaga |
saihan boljee deer duridsanchilan shine ueiinhee huuli tsaaziin surwalj bichgiig hadgalj uldehgui bol bidnii hoich ue biden shig taamag dewshuuleed l suuh wii |
Бичлэг |
P2008-03-26 - Нэг Хятад гэж юу гэсэн утгатай юм бол?
Бичсэн: îþóòàí |
Өдрийн мэнд багшаа.
нэтээр дараах бичлэгийн дагуу маргаан өрнөж байна. Дараах холбоосоор зочилж мэргэжлийн хүний зүгээс дүгнэлт хийнэ үү? http://www.blogmn.net/xvv/2008/3/12990/??????%20????%20:-(.html |
Бичлэг |
P2011-10-26 -