P2007-05-29 - МОНГОЛЧУУДЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛ ТҮҮНИЙ

МОНГОЛЧУУДЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛ ТҮҮНИЙ
ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ, ХУУЛЬ ЦААЗЫН
ЗОХИЦУУЛАЛТ
 
            Оршил
 
Монгол улсын Үндсэн хуулийг тунхаглан зарлахын нэгэн учрыг “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” гэсэн нь монголын төр, хууль цаазын түүхийн өв санг шинэ хандлагаар судалж, дахин үнэлж, судалгааны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгож, улмаар уламжлал, шинэчлэлийн нэгдлийг хангаж хөгжүүлэхийг заасан төрийн бодлого юм.
Нүүдэлчдийн олон зуун жил түүх – бэлчээртэй салшгүй холбоотой. Бидний мандан бадарч, мөхөн доройтсон түүхийг газар, бэлчээртэй холбон авч үзэхгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл нүүдэлчин монголчуудын аж төрөх ухаан түүний уг гарал үүслийг бэлчээр түүний хамгаалал, эзэмшлийн хүрээнд үүссэн гэж хэлж болохоор байна. Манай судлаачид монголд газар өмчлүүлэх хүртэл өмчлөлийн зүйлс болж байгаагүй харин түүнийг эзэмших, хамгаалах эрхийн харилцаа хөгжиж байсан гэдэгтэй санал нийлэх байх. Мөн нөгөө талаар газар, бэлчээр өмчлөх эрх, хэдийгээр хязгаарлагдмал объект хэдий ч тухайн газрыг эзэмших, хамгаалах эрхийн сэтгэлгээ монголчуудад өмчлөгчтэй нэгэн адил хэмжээнд бүрэлдэн төлөвшсөн байна.
Гэхдээ энэ удаад газар хэний өмч байсан тухай өгүүлэх гэсэнгүй. Харин бэлчээр ашиглахад төрийн зүгээс хэрхэн анхаарч байсан болон хууль цаазын эх сурвалжууд дахь уламжлалт зохицуулалт, эрх зүйн сэтгэлгээ болон заншлын эрх зүйн онцлогийг өгүүлэх болно.
Монголчуудын газар, бэлчээр эзэмших эрхийн харилцааг хууль цаазаар зохицуулахаас илүү заншлын эрх зүйн хүрээнд түлхүү зохицуулж байсан бололтой. Энэхүү зохицуулалт нь нүүдэлчин монголчуудын хувьд илүү үр нөлөөтэй байсан бөгөөд заншлын эрх зүйн сэтгэлгээний гол агуулга нь мөнх тэнгэр, төрийг дээдлэн шүтэх үзэлд тулгуурласан, тогтсон ёс заншлыг хамгаалахад чиглэгдэж байв. Өөрөөр хэлбэл нүүдлийн ахуй нь газар, бэлчээр эзэмших, ашиглахад заншлын эрх зүйгээр зохицуулах нь илүү үр нөлөөтэй байсныг харуулна.
Заншлын эрх зүйн үзэл, сэтгэлгээний илрэх хэлбэр нь хориглох, цээрлэх ёсд тулгуурлаж байсан учраас эл үеийн монголчуудын хууль цаазын үзлийг зөвхөн хориглосныг дагахаас хэтрээгүй гэж үзэж бас болохгүй. Газар, тэнгэр болон өвөг дээдсийн бунхан, онгон шүтээнийг тахих, өөрсдийн удам угсааг тогтоох, ёс бусыг үйлдэгчдэд гэсгээл үзүүлэх, анд бололцох, болзох, хэлсэн үгэндээ хүрэх, андгай тангаргийг үл зөрчих, олз ашигт үл шунах, ажил үүргийн хуваарь зэрэг олон төрлүүдийг агуулсан баялаг агуулгатай байжээ. Эдгээр нь эцсийн бүлэгт “тэнгэр” шүтэх үзэл санааны илрэх хэлбэр байж болох юм.
 
Монголын хууль цаазын сурвалж бичгүүдэд газар,
бэлчээртэй холбоо бүхий харилцааг зохицуулсан нь
 
Монгол нутагт үүсэн байгуулагдсан төр улсын бодлогын нэгэн чухал чиглэл нь хууль цаазыг тогтоон явуулах явдал байсан бөгөөд түүнд газар, бэлчээр эзэмших ашиглах асуудал томоохон байр суурь эзэлж байв. Газар, бэлчээрийн талаарх хууль цаазын сурвалж бичгүүдийн заалтууд нь заншлын хэм хэмжээнээс улбаатайг дээр нэгэнт дурдсан билээ.
Эзэн Чингис хааны “Их засаг” цаазад малын бэлчээрийг онцгойлон үзэж, түүнийг эвдлэн сүйтгэх явдлаас хамгаалахыг чухалчлан зааж байв. Өвс ургамал ногоорсон хойно газар нүхэлсэн, бэлчээр сүйтгэсэн хүнийг шийтгэх, малын бэлчээрийг мянган бүрд хувааж, тэдний эзэмшилд байлгах, гал түймэр алдаж бэлчээр шатаасан хүнийг хүйс тэмтрэх, нар, сар, газар, дэлхийд сүсэглэн мөргөж байхын хамт айл өрх бүр хоол цайгаа идэж уухын өмнө тэдгээрийнхээ дээжийг газар дэлхийдээ өргөж байх ёсыг баримтлах, сүү ба бусад ундааны зүйлийг газар ил асгах, малын хэвтэр, хотон дотор, мөн үнсэнд хүмүүс шээхийг хориглох, малын сүү, ямар нэг ундаа, хоолыг газар асгахыг хатуу цээрлэх тухай энэ хуульд заасан юм.
1574 оны Түмдийн “Алтан хааны цаазын бичиг”-т ард олны чухал баялаг болох мал сүргийг хулгайн аргаар хөөж бэлчээрийг солих, муу санааны үүднээс гал түймэр тавих зэрэгт хариуцлага хүлээлгэх тухай зааж байв.
1600-1639 оны хооронд гаргасан “Халхын үйсэн дээр бичсэн цааз эрхэмжийн бичиг”-т мод хатгасан газар мэдэж байж бууваас гурван ест буй, эс мэдэж бууваас нэгэн морь ав гэсэн нь тухайн үедээ газар, бэлчээр эзэмших ашиглах харилцааны өвөрмөц зохицуулалт байв.
1709 оны “Гурван хушууны их цааз” буюу “Халх журам”-д газар эзэмшил, бэлчээр хамгаалах, газар нутгийг онголон дархлах тухай хэм хэмжээ тогтоожээ. Бусдын өвсийг мэдэж байж малд идүүлж сүйтгэх, тарианд мал оруулах, сангийн чулуун нүүрс, шохой хулгайлахыг хориглох, түймэр шатваас зартай заргүй ирж унтраах тухай энэ хуульд заасан юм.
Мөн энэхүү цаазаар Хан-Уул, Төхөм, Шивэрт, Онгон, Зоргол, Адаацаг, Улааннуур зэрэг 10 гаруй газрыг онголон дархлах тухай заажээ. Богд Хан уулын ар дахь Их тэнгэрийн ам эртний Монголчуудын тэнгэр шүтэх тахилгын газар байв. Бүр ХIII зууны үед Хэрэйд аймгийн Ван Богд уулыг анх дархлан тахиж, Хан уул хэмээн нэрлэж, түүний хөрс шороо, ой мод, цэцэг жимс, ан амьтан, жигүүртэн шувууг үе улируулан хамгаалах үндэс суурийг тавьжээ. 1778 онд Богд хаан уулыг дархан цаазтай уул гэж албан ёсоор батламжилж, хууль зүйн статустай болгосон нь манай оронд төдийгүй, дэлхийн ууган дархан газруудын тоонд орно. Хэнтий хан уулыг 1818 оноос дархалжээ.
1795 оны "Монгол цаазын бичиг”-ээр газар, бэлчээрийн асуудлыг зохицуулахдаа тогтоосон засаг захиргааны нэгжийн хуваарийг зөрчих, мөн өөрийн харьяалагдах засаг захиргааны нэгжээс дур мэдэн гарч нутаглахыг шууд хориглож байжээ. Тухайлбал: "Өөр өөрийн хуваасан нутагт засаг ба засаг бус вангууд орвол арван адуу, бэйл, бэйс, гүнгүүд бол долоон адуу, тайж, тавнангууд бол таван адуу, харц хүн бол өрх тоолон нижгээд үхэр ав" (МЦБ. Тавдугаарт дэвтэр. 1-р зүйл. Өөр өөрийн хуваасан нутагт бус вангууд орох нь). Мөн "Хуваасан Жасааны нутгийн захаас хэт гарч тусгаар нүүж нутаглавал засаг ба засаг бус ван, бэйл, бэйс, гүн, тайж, тавнангууд бол нижгээд жилийн пүнлүү тасал. Пүнлүүгүй тайж, тавнангууд бол тавиад адуу ав. Харц хүн бол үзсэн хүн түүний бие хийгээд гэр, мал сэлт бүгдийг автугай" (МЦБ. Тавдугаарт дэвтэр. 2-р зүйл. Хуваасан Жасааны нутгийн захаас хэт гарч тусгаар нүүж нутаглах нь) гэжээ. Дээрх цаазын зохицуулалт тухайн үед газар, бэлчээр түүнийг эзэмших, хамгаалах түүнтэй холбогдсон маргааныг зохицуулах явдал түгээмэл байсныг харуулж байна. Нөгөө талаар газар, бэлчээр эзэмших, хамгаалах журам зөрчсөн этгээдэд хүлээлгэж буй хариуцлага хэлбэрийн хувьд нилээд хүнд шийтгэлд орохоор байна. Тавин адуугаар торгох, харцыг боол болгох зэрэг торгуулийн ял, түүний дотроос боол болгох ял бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд ногдуулж байгаа ялтай харьцуулбал нилээд хүнд шийтгэлийн төрөлд хамаарахаар байна.
Манжууд Монголчуудын бэлчээрийг хамгаалах нэн ялангуяа түймрийн эсрэг тэмцэж байсан уламжлалт хууль цаазын зохицуулалтыг авч хэрэглэсэн юм. Түймэр алдаж ой бэлчээр устгасан, үлэмж хэмжээтэй гэмтсэн, хүний амь хохирсон буюу өөр хүнд хор уршиг учирах зэрэг уг гэмт хэргийн обьектив талыг илэрхийлдэг бол "МЦБ"-т тэр бүгдийг бүрэн хэмжээгээр тусгасан байна. Уг цаазын бичигт "Нүх утахад түймэр алдвал хэн мэдсэн хүн нэгэн есөн мал авагтун. Ихэд унтраад мал үхвэл төлүүлж авагтун. Хүн үхвэл гурван есөн мал авагтун. Зүгээр эндэж түймэр алдвал мэдсэн хүн таван мал авагтун. Түймэр унтраад мал үхвэл төлүүлж авагтун. Хүн үхвэл төлөө нь нэгэн есөн мал авагтун" гэжээ. Гэтэл дээрх зүйлд түймрийг "Нүх утахад", "Зүгээр эндэж" гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг заасан байна. Мөн нөгөө талаар түймрийн улмаас учирсан гэмт хор, уршигийг заажээ. Үүнд: нүх утахад түймэр алдаж хүний амь хохирсон бол гурван есөөр, харин зүгээр эндэж түймэр алдаж хүний амь нас хохирсон бол нэг есөн малаар торгодог байжээ. Гэтэл уг гэмт үйлдлийн улмаас мал үхвэл бүрэн хэмжээгээр төлүүлдэг байжээ. Энэхүү цаазын гол онцлог нь бол түймэр тавьсан этгээдийг илрүүлэхэд гэрчийн мэдүүлгийг чухалд үзэж түүнийг урамшуулах хэлбэр байсан явдал болно.
“Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-ийн 38 дугаар дэвтэрт Их Богд, Хан Хэнтий, уулын тэнгэрийг жил бүр зун, намар хоёр цагт, Отгонтэнгэр уулыг зуны цагт нэгэн удаа тахиж байхыг заасан байна.
Богд хаант Монгол улсын үед Богд уулыг хамгаалах харуул цагдаа нарыг суулгаж, уналга, хөсөг өгч байв. Газар, бэлчээрийг эзэмших, ашиглах талаар нутаг ус, өвөлжөө бууцаа миний, чиний хэмээн булаалдах зарга маргаан үе дамжин маш их гарч байсан бөгөөд түүнийг харьяат хушуу ноёд ихэвчлэн шийдвэрлэн зохицуулдаг байжээ.
Ардын хувьсгалын жилүүд дэх газрын харилцааны эрх зүйн зохицуулалт Монгол оронд 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялснаар улс төрийн төдийгүй, нийгэм, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүд авч явуулах шаардлагатай болсон юм. Үүний салшгүй нэг хэсэг нь газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн сайжруулах явдал байв. Энэ талаарх төрийн бодлогын үндсийг тодорхойлсон “Үндсэн хууль”-ийн чанартай анхны акт бол 1921 оны 5 дугаар сарын 21-ний өдөр баталсан АТЗГ-ын 19 дүгээр хурлын тогтоол юм. Энэ тогтоолд тус улсын бүх газар шороог үүнээс хойш гадаад, дотоодын хүн нар миний хэмээн түрэмгийлэн эзлэхийг үүрд зогсоохоор заажээ. Энэ нь газрыг улсын өмч, ард нийтийн хүртээл болохыг анх удаа хуульчилсан улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн ач холбогдол бүхий чухал баримт бичиг мөн. Уг заалт 1924 оны анхдугаар “Үндсэн хууль”-д “БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус, тэдгээрийн баялгууд нь ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно” гэж түүнд бататган бэхжүүлсэн явдал юм. Энэхүү “Үндсэн хууль”-д бас “Газар эдлэх нийтийн дүрмийг батлах, аймаг, хушуудын нутгийн хил хязгаарыг байгуулах, дэлхийн баялгийг ашиглах дүрэм заавар тогтоох”-ыг Улсын дээд эрхийг хадгалах газруудын эрхлэн шийтгэвэл зохих зүйлүүдийн нэг болгож заажээ. “Үндсэн хууль”-ийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗГ-аас олон чухал тогтоол шийдвэр гаргасны нэг нь “Газар бэлчээрийг эдлэх тухай” 1926 оны 227 дугаар тогтоол юм. Уг тогтоолд “ард олны дотор бие биесийг нутаг бэлчээр, өвөлжөө бууц зэргээр гачигдуулан хохироож, маргаан будлиан үүсгэн, илүү нутаг эзэрхэх явдал гарч байгааг зогсоох, гагцхүү олон онд нутаглаж, хүн мал идээшсэн, хөрөнгө малын олон цөөний байдалд тохируулан аль бололцоод бууц бэлчээрийг нутгийн эрх баригчдаас зүй зохисоор заан олгуулж байх” гэж заажээ. ЗГ-ын 1928 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар хурлын тогтоолоор “Монголчууд тус улсын хязгаарын дотор нутаг бэлчээрийг эдлэх түр дүрэм”-ийг баталж, дээрх тогтоолын заалтыг бататгасны дээр олон ардууд эрх биш өөр өөрийн нутгийн хязгаар дотор нутаглавал зохих, шалтгаангүйгээр бусад хушууны нутагт нүүдэллэн орохыг хязгаарлах, хэрэв хил тодорхойгүй бол түүнийг шинэчлэн тогтоох, ган зуд тохиолдох үед өөр өөрсдийн захиргааны байгууллагаар уламжлан урдаас зөвшөөрүүлж байх”-ыг тогтоосон юм.
УБХТ, СнЗ 1935 оны 8 дугаар сарын 25-ны дотор “Бэлчээр усыг эдлэх тухай дүрэм” баталж, тус улсын харьяат нар, улсын ба хоршоо аж үйлдвэр, олон нийтийн байгууллагууд бэлчээр усыг үнэ төлбөргүй, хугацаагүй эдлэх бөгөөд гадаадын харьяат нарт түрээсээр эдлүүлэх тухай заажээ. Газрын харилцааг зохицуулахад “Газар шороог хэрхэн эдлэх тухай дүрэм”, “Хадлан хадах, тариалан ногоо тарих тухай хууль” чухал ач холбогдолтой байжээ. 1940 онд батлагдсан БНМАУ-ын хоёр дахь удаагийн “Үндсэн хууль”-д “Бүх газар, ой мод, ус, тэдгээрийн баялаг улсын өмч буюу ард түмний хөрөнгө мөн” гэж заасан нь анхдугаар “Үндсэн хууль”-ийн заалтыг хэвээр бататгасан байна. 1942 онд батлагдсан “Газар эдэлбэрийн тухай хууль” нь бүх иргэд, тэдний үйлдвэрийн нэгдэл ба хоршоо, үйлдвэр зэрэг бүх улсын байгууллагад газар шороог бэлчээр ба өвс хадлан, тариалан зэргийн ажлуудад ямар ч үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглуулах зорилготой гарчээ. Уг хуульд газар эдэлбэрийн эрхийг 1. Хувийн аж ахуйтнуудын хөдөлмөрийн газар эдэлбэрийн эрх; 2. Артель ба олон нийтийн газар эдэлбэрийн эрх; 3. Улсын аж ахуйтан ба станц, аж үйлдвэр, албан байгууллагын газар эдэлбэрийн эрх гэж ангилжээ.
1960 онд батлагдсан БНМАУ-ын гурав дахь “Үндсэн хууль”-д өмнөх “Үндсэн хууль”-ийн (1940 оны) заалтыг бататгасны дээр “ХААН-д газрыг үнэ төлбөргүй, байнга эдлүүлнэ” гэсэн хэм хэмжээ тогтоожээ. БНМАУ-ын АИХ-ын тогтоолоор 1971 онд баталсан “БНМАУ-ын газар эдэлбэрийн хууль” газрын харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд газрын нэгдсэн санг эдэлбэрийн зориулалтаар нь 1. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар; 2. Хот, суурины эдэлбэр газар; 3. Тусгай хэрэгцээний эдэлбэр газар; 4. Ойн фондын газар; 5. Усны фондын газар; 6. Улсын нөөц газар гэсэн шинэ ангиллыг бий болгосон юм. Энэ хуульд газар эзэмшигчид, тэдний эрх, үүрэг, газар олгох, авах журам, газрын бүртгэл, тоо бүртгэл, хяналт, газар зохион байгуулалт, газрын маргааныг шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай тодорхой заалт оруулжээ. Газрын харилцааг зохицуулахад “Тус улсын бүх сумдын хилийг тогтоож, нийт нутаг дэвсгэр дээр аж ахуйн хоорондын газар зохион байгуулалт явуулах тухай” МАХН-ын ТХ, СнЗ-ийн 1959 оны 248/219 дүгээр тогтоол, Газар эдэлбэрийг сайжруулах, хөрсний эвдрэлтэй тэмцэх тухай 19, 20 дугаар тогтоолууд, ХААН-ийн үлгэрчилсэн дүрэм (1967, 1974) зэрэг бусад актууд батлагдан үйлчилсэн юм. БНМАУ-ын АИХ-ын чуулганаар (1972 оны 6 дугаар сар) “Ойн баялаг, ан амьтныг хамгаалж, ашиглалтыг сайжруулах зорилт”, “Байгалийн нөөцийг үр бүтээлтэй ашиглах ба хүрээлэн буй орчныг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийн зарим асуудал” гэсэн илтгэлүүд хэлэлцэж, тогтоол гаргасан нь газар эдэлбэрийг сайжруулахад төдийгүй, байгаль орчныг хамгаалахад үлэмж ач холбогдолтой болжээ.
Монгол улсын шинэ “Үндсэн хууль” (1992 он) ба газрын харилцааны эрх зүйн зохицуулалт Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилтыг тодорхойлж, энэ үеийн улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны харилцааны эрх зүйн үндсийг бататгасан Монгол Улсын шинэ “Үндсэн хууль” газрын харилцааг хууль зүйн үүднээс зохицуулах үндэс болсон. “Үндсэн хууль”-д: 1. Газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна; 2. Тус улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч болно; 3. Бэлчээр, нийтийн эдэлбэр, улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг Монгол улсын иргэнд өмчлүүлж болно; 4. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглахыг хориглоно; 5. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно; 6. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно; 7. Тус улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; 8. Байгаль орчноо хамгаалах журамт үүрэгтэй гэж заажээ. Үүнээс үзэхэд шинэ Үндсэн хууль газрын харилцааг өмнөх “Үндсэн хууль”-уудад зааснаас илүү өргөн хүрээнд, шинэлэг байдлаар, нэлээд тодорхой зохицуулсан юм. “Үндсэн хууль”-ийн дээрх заалтууд нь газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хууль зүйн үндэслэлийг тавьж өгсөн юм. Ингэснээр “Үндсэн хууль”-ийн дагуу “Газрын тухай Монгол улсын хууль” 1994 онд батлагдаж энэ зорилтыг хангахад чиглэгджээ. Энэ хууль нь төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан. Газрын хуулийг хэрэгжүүлэх талаар нэлээд хуульчилсан акт батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” ЗГ-ын 1995 оны 143-р тогтоол, түүгээр батлагдсан “Газар зохион байгуулалтын журам”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгаа хийх журам”, “Газрын сангийн данс бүртгэл хөтлөх, тайлан гаргах журам”, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журам”, “Гэрчилгээ, гэрээний загвар батлах тухай” зэрэг актийг дурдаж болно. УИХ-аас газрын харилцаанд гарч буй өөрчлөлтийг харгалзан 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “Газрын тухай” хуулийг шинэчлэн найруулж батлав. Мөн 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг анх удаа баталжээ. 1994 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль, 1997 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай” хууль, 2002 онд “Газрын төлбөрийн тухай” хууль, 1999 онд “Кадастрын зураглал ба Кадастрын тухай“ хууль батлагдан үйлчилж байна. 1995 онд гарсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль” газрын харилцаанд нэг адил хамаарна. Мөн эрүү, иргэн, засаг захиргааны холбогдолтой хуулиуд газрын харилцааг тодорхой хэмжээгээр зохицуулдаг.
            Өнөөдрийг хүртэл бэлчээр түүнийтэй холбоо бүхий эрх зүйн харилцааг нэгд, дагнан хуульчлан зохицуулж байгаагүй, хоёрт, заншлын эрх зүйн хэм хэмжээ, сэтгэлгээний хүрээнд зохицуулж байсан, гуравт, газар өнөөдрийг хүртэл төр өмчилж байсан нь судалгаанаас харагдаж байна. Гэхдээ газар төрийн өмч байсан гэдэг хүнийсэх ойлголтоор нүүдэлчид хандаж байгаагүй бөгөөд ихэндээ эзэмшил-өмчлөгч гэсэн сэтгэлгээний хүрээнд нүүдэлчид бэлчээрийг сэтгэлгээний өмчлөлд харъяалуулан ашиглаж, эзэмшиж байсан байна.
Цаашид газар нэгэнт хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд өмчилж болох объект тул:
            Нэгд, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн Үндсэн хуулийн агуулгын хүрээнд малчдад хуулийн хүрээнд газар өмчлүүлэх боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж тэдгээрийг үл хөдлөх хөрөнгө өмчлөх хууль зүйн баталгаат боломжийг гаргаж тавих,
            Хоёрт, Малчидтай холбоо бүхий хууль, хууль тогтоомжийг зөвхөн газар гэлтгүйгээр сурталчлан таниулах, үүгээрээ дамжуулж тэдгээрийг хэн нэгэн этгээдээс өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн бэлтгэлийг төлөвшүүлэх,
            Гуравт, Бэлчээр эзэмших тухай Монгол улсын хуулийн төслийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж эрх бүхий этгээдэд өргөн барих.
            Дөрөвт, Нүүдэлчин малчид газар, бэлчээр ашиглахад туслалцаа дэмжлэг үзүүлэхэд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сурталчилгааг мэдээллийн бүхий л хэрэгслүүдээр тогтмол нийтэлж, нэвтрүүлэх,
            Тавд, Энэхүү чиглэлээр мэргэшсэн судалгааны баг ажиллуулах
 
 
            Өгүүллийг бэлтгэхэд ашигласан материал
 
            Нэгд, Хууль, хууль тогтоомж
 
1.       Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль
2.       Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
3.       Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай
4.       Газрын хэвлийн тухай хууль
5.       Гамшгаас хамгаалах тухай
6.       Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
7.       Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай
8.       Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
9.       Ойн тухай хууль
10.   Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль
11.   Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
12.   Төрийн бус байгууллагын тухай
13.   Усны тухай хууль
14.   Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай
15.   Ургамал хамгааллын тухай хууль
16.   Үндсэн хууль
17.   Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай
18.   Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай
19.   Хүн амын орлогын албан татварын тухай хууль
20.   Хоршооны тухай хууль   
21.   Хүн амын орлогын албан татварын тухай хууль
22.   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай
23.   Хүн амын амьжиргааны доод түвшин тодорхойлох тухай
24.   Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай
 
Хоёрт, Судалгааны бүтээлүүд
 
1.               Авирмэд Э., Дашцэдэн Д., Совд Г., Монгол хууль. УБ., 1997.
2.              Алтан хааны цаазын бичгийн тухай. Чихэ "Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухаан" 1984 он. Дугаар 2 57-68-р тал
3.              Алтангэрэл Т. Монгол Ойрадын их цааз, түүний судалгаа. УБ., 1998.
4.              Алтангэрэл Т. XYI-XYII зууны Монгол цаазын бичгүүд. УБ., 1999.
5.              Алтаншаа Н. Монголын гурван хаан. Өгөдэй, Гүег, Мөнх Хайлаар. Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо. 1985
6.              Амарсанаа Ж. Хүний эрх олон улсын ба үндэсний эрх зүйн асуудал. УБ., 2000.
7.              Амарсанаа Ж, Баясгалан Г, Бямбаа Ж, Мөнхжаргал Т, Нарангэрэл С, Совд Г, Уранцэцэг Г. Хууль зүйн тайлбар толь. УБ., 2003
8.              Амархүү О. Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн түүхэн хөгжил, тогтвортой хөгжилд тэдгээрийн эзлэх байр суурийн асуудал. УБ., 1999.
9.              Амархүү О. Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, хууль цааз (Уламжлал, шинэчлэлийн асуудал) УБ., 1999.
10.          Амархүү О. Монголын орчин цагийн экологийн эрх зүй. УБ., 2004.
11.          XYII зууны тэргүүн хагасын Монгол, Манжийн харилцаанд холбогдох баримт бичгүүд. Эмхтгэсэн: Ли-Бао-Вэнь, Нямка нар. Крилл үсгээр буулгаж тайлбар хийсэн. Ц.Төрбат, Д.Энхцэцэг. УБ., 2004.
12.          Баярсайхан Б. Манжийн үеийн Монгол чуулган хуралдайн түүний эрх зүйн зохицуулалт. Олон Улсын Монголч Эрдэмтний YII Их хурал. УБ., 1997.
13.          Баярсайхан Б. Манжийн үеийн Монгол хууль цаазын судалгаа. Монгол мэдлэгийн их сургуулийн 5 жилийн ойд зориулсан ЭШ-ний бага хуралд тавьсан илтгэл. УБ., 1996
14.          Баярсайхан Б. Монгол бол парламентын уламжлалтай улс мөн. "Ардын эрх" 1995.8.9
15.          Баярсайхан Б. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэж байсан уламжлалт арга. (1691-1911) "Хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, тэмцэх арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал. УБ., 1997 оны 11-р сар.
16.          Баярсайхан Б. Манжийн үеийн Монгол хушуу чуулганы хуралдаан түүний бүтэц зохион байгуулалт эрх зүйн зохицуулалт. МЗХ, "Залуу удирдагч" сангаас жил бүр зохион явуулдаг багш, оюутны эрдэм шинжилгээний хурлын 1997 оны шилдэг илтгэл.
17.          Баярсайхан Б. Халх журам, манжийн цаазын бичгүүд, тэдгээрийн хоорондын хамаарал."Эрх зүй" сэтгүүл. 2-3/2001
18.          Баярсайхан Б. "Монголын нэгдсэн төрийн болон дараа үеийн хууль цааз заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь" сэдэвт бүтээлд бичсэн шүүмж."Эрх зүй" сэтгүүл. 4-5/2001
19.          Баярсайхан Б. “Монгол цаазын бичиг”-т буй он тооллыг хөөн өгүүлэх нь. "Эрх зүй" сэтгүүл. 4-5/2001
20.          Баярсайхан Б. Манж чин улсын үеийн Ар Монголын төрийн тогтолцоог төрийн онолын үүднээс авч үзэх нь. МУИС-ийн Нийгмийн ухааны факультет, ХЗС-ийн хамтран зохион байгуулсан "Монгол улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал, шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл. УБ., 2001 (Эмхтгэл)
21.          Баярсайхан Б. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны онол, практикийн асуудалд. МУИС-ийн ХЗС-ийн залуу багш, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал. УБ., 2001
22.          Баярсайхан Б. Монгол цаазын бичиг. УБ., 2001
23.          Баярсайхан Б. Монгол улсын арван буянт номын цагаан түүх, УБ., 2002
24.          Баярсайхан Б. Монгол улсын арван буянт номын цагаан түүхэн дэх Эрх зүйн зохицуулалтын зарим асуудал. Олон улсын монголч эрдэмтэдийн YIII Их хуралд тавьсан илтгэл. УБ., 2002.
25.          Баярсайхан Б. 1920 он хүртэлх Монголын хууль, эрх зүйн хөгжил. ХБНГУ-ын Техникийн хамтын ажиллагааны GTZ–ийн төслөөс зохион байгуулсан Олон Улсын хуралд тавьсан илтгэл. УБ., 2003.07.15.
26.          Баярсайхан Б. Хууль зүйн тайлбар толь. (Монгол улсын төр эрх зүйн түүх). УБ., 2003.
27.          Баярхүү Г. Монголын нэгдсэн төрийн болон дараа үеийн хууль цааз, заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь (XII-XYII зуун) УБ., 1997.
28.          Ш.Бира БНМАУ-ын түүх, соёл, түүх бичлэгийн асуудалд. Вопросы истори, культуры и историографи МНР. Problems of history, culture and historiography of the MPR. УБ., 1977.
29.          Болдбаатар Ж., Лүндээжанцан Д. Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал УБ., 1997.
30.          Гонгор Д. Халх товчоон. УБ., 1978. 2 дэвтэр.
31.          Гэрэлбадрах Ж. XY-XYII зууны Монголын ноёд язгууртны зэрэг дэвийн асуудалд. УБ., 1999.
32.          Гэрэлбадрах Ж. Дархан цолын тухайд. ШУАМ-3,4 УБ.,
33.          Дашням И. Чингисийн хаант улсын төр, хууль цааз. УБ., 1997.
34.          Дашням И. Монгол оронд дундад үеийн эрх зүйн тогтолцоог халж шинэ үеийн эрх зүйн анхны тогтолцоо бүрэлдэн тогтсон нь /1921-1940/. УБ., 2002
35.          Даяама Шигеиру. (Япон) Чин улсын үе дэх Монголчуудын нийгмийн байгуулал. 1988. Хөх хот.
36.          Дэндэв.Монгол эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэв дэвтэр. (Studie der Geschichte mongolischer Bestimmungen und Gesetze von der Frьhzeit bis heute) УБ., 1936.
37.          Жалан-Аажав С. Халх журам бол Монголын хууль цаазны эртний дурсгалт бичиг мөн. УБ., 1958.
38.          Жамбалдорж С. Нүүдэлчдийн сэтгэлэгийн нэгэн нууц буюу Монголчуудын уламжлалт есийн тооны бэлгэдлийн гайхамшиг. УБ., 2003.
39.          Жамсран Л. Олноо өргөгдсөн Монгол улс. Тусгаар тогтнол сонин, 1990.12.29 No; 102.
40.          Жанчив Ё. Дөрвөлжин үсгийн Монгол дурсгал. УБ., 2002.
41.          Жувейни. Дэлхийг байлдан дагуулагчийн түүх. Насанбуянгийн орчуулга. Хайлаар. Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо. 2 дэвтэр. 1988.
42.          Жүгдэр. Ч. Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ. УБ., 1987.
43.          Инжиннаш. Хөх судар. I, II, III, дэвтэр.
44.          Ишжамц Н. Түмэн засагт хааны төр засгийн бодлого. "Mongolia" An International annual of Mongol Studies. Vol. 5 (26), 1994 S. 24.
45.          Иноүэ О. "Цагаан түүх" бичмэлүүдийн хоёр урсгалын тухай. "Mongolia" An International annual of Mongol Studies. Vol. 5 (26), 1994 S. 31.
46.          Күнз. Шүүмжлэл өгүүлэл. Хятад хэлнээс орчуулсан Урианхан овогт Мэнэрэлийн Чимэдцэеэ. УБ., 2004.
47.          Лааган Б. Сайн ноён хан аймгийн түүхэн хураангуй. УБ., 1999.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2013-02-24 -

Бичсэн: bayaraa (зочин)
sn bnu tani ene byteeliig unshlaa ta suuliin ued belcheerin talaar sudalgaa hiisnu
Бичлэг

P2011-03-03 -

Бичсэн: Зочин
ярзайтал инээх ирмэх тэврэлт гоё шүү хайртай алга ташилт sleepy хэлээ гаргах
Бичлэг

P2010-12-20 - Ч.Жүгдэр. Монголд феодализм тогтох үеийн нийгэм улс төр, гүн ухаан

Бичсэн: Зочин (зочин)
сайн байна уу маш сайн влог байна
Бичлэг

P2010-03-31 -

Бичсэн: Зочин
алга ташилт
Бичлэг

P2009-05-14 -

Бичсэн: Зочин
batting eyelashes
Бичлэг

P2009-02-02 -

Бичсэн: Зочин
kiss kiss
Бичлэг

P2008-11-07 -

Бичсэн: Зочин (зочин)
(neutral
Бичлэг

P2007-11-19 - no title

Бичсэн: former studen (зочин)
Сонирхолтой бна энэ судалгаа . Байгалийн баялгийн эрх зуйн талаар судалгаа рэфэрат байвал нийтлээч багшаа. тэгвэл тал талаасаа бичээд байвал бас дундаас ни өөр санаа ч гарч ирж болно шуу дээ.
Бичлэг

P2007-05-29 - sain b.na uu bayarsaikhan

Бичсэн: Зочин (зочин)
tanii buteeliig unshlaa, sonirkholtoi l yum b.na. gekhdee orchin uyed kherkhen avch khereglekh talaar jaakhan sanaa tabibal yasan yum be
Бичлэг



:-)
 
xaax