P2007-05-29 - Богд хаант Монголын улсын

Богд хаант Монголын улсын
“Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм” дэхь
Бурханы шашны лам, хуврагтай холбоо бүхий харилцаа.
 
Ж.Урангуа
(МУИС-ийн НШУС-ийн доктор, профессор)
Б.Баярсайхан
(МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын төр, эрх зүйн
түүхийн судалгааны төвийн эрхлэгч, доктор, дэд профессор)
 
Монгол улсын Үндсэн хуулиар тунхаглан зарласан ард түмний чин эрмэлзлэлийн нэгэнт “Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” гэсэн нь Монголын төр, хууль цаазын түүхэнд холбогдох үнэт өв санг судалгааны эргэлтэнд оруулж нийтийн хүртээл болгон улмаар авах гээхийн мэргэн ухаанаар хандахад чухал түлхэц болсон билээ.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд Богд хаант Монгол улсыг тунхагласан нь монголчуудын төр, хууль зүйн сэтгэлгээ сэргэн мандахад нэн таатай нөлөө үзүүлэв. Юуны түрүүнд барууны буюу Өрнийн эрх зүйн үзэл, сэтгэлгээ, соёл нэвтрэх, түүнийг тусган хүлээж авах боломж нээгдэв. Гэсэн хэдий ч манж-хятадын эрх зүйн нөлөө хадгалагдсаар байсныг тэмдэглэх нь зүйтэй, өөр ч аргагүй байв. 
Монголын дэвшилтэт үзэлтэй төр, шашны зарим зүтгэлтэн (Ханддорж, Чагдаржав, Цэрэнчимэд) 1911 оны VII сард халхын том ноёд, лам нарын нууц хуралдааныг зохион байгуулж, Хаант Оросоос дэмжлэг авч улс орныхоо тусгаар тогтолын төлөө тэмцэх асуудлыг хэлэлцэж зөвшилцөж, улмаар зарим төлөөлөгчдийг (Ханддорж, Чагдаржав, Хайсан) илгээж байв. 1919 онд ДИУ Монголын Автономийг цуцалж өөртөө нэгтгэсний дараа тэдгээр зүтгэлтнүүд ДИУ-ын эрхшээлээс бүрэн ангижрах арга замыг идэвхтэйгээр эрэлхийлж байжээ. Жалханз гэгээн “Мин улсын их түшмэл сайдууд лугаа учирч тусламж гуйхад Америк улсын Андерсен Местер хэмээх худалдааны гэрийн наймаачин хүн Ларсан лугаа хэлэлцэж, түүнийг мухар тэргээр өвлийн эхэн сарын шинийн гурванд сэмээр мордов. Энэ үед зарим “. . . хүмүүсээс Япон улсаас тусламж эрвээс амар түргэнээр тусалж чадмой. Америк улсын нутаг хол, явдал хийх удаан тул амжихгүй . . .”[1] гэсэн санал гарч байсан бол Дорно, Өрнө дахин рүү тэмүүлэх сэтгэлгээ нэлээд гүнзгийрсний илрэл мөн.
Энэхүү хууль, дүрмийн дийлэнх хувийг лам нартай холбоо бүхий зохицуулалт эзэлж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд тэдгээртэй холбоо бүхий нийгмийн эерэг болон сөрөг үзэгдлүүд ихээр гарч байсных юм. И.М.Майский “Автономит Монгол дахь санваартан язгуур эхнэргүй байхаа андгайлсан олон тооны зөвхөн лам нараас бүрэлдэнэ. Монголчууд хоёр хүүгийнхээ нэгийг лам болгодог заншилтай болохоор лам нарын тоо замаа алджээ”[2] гэж тэмдэглэсэн нь нийт хүн амын нөлөө бүхий давхарга байсан нь гарцаагүй юм.
Энэхүү 1-р зүйлийн дүрмээр бурханы шашны лам, хуврагийг гэмт хэргийн улмаас шүүн хэлэлцэхдээ юуны өмнө Нийслэл хүрээний Эрдэнэ Шанзудбагийн яаманд урьдчилан мэдэгдэж, хэрэв шашны өндөр хэргэм зэрэгтэн бол Хамба Номун ханд сонсгон зөвшөөрөл авдаг байжээ. Өөрөөр хэлбэл аливаа шүүн таслах, байцаан шийтгэх эрх бүхий төрийн албан тушаалтан бурханы шашны лам, хувраг, өндөр хэргэм зэрэгтнийг өөрийн дураар шууд байцаан шүүх эрхгүй. Ингэж нэг талаас хориглосон хэм хэмжээ тогтоон, нөгөө талаас Бүгд Ерөнхийлөн захирах зэрэг зургаан яам, Шашин төрд туслах сайдууд, Нийслэл Хүрээний Хамба Номун хан, Эрдэнэ Шанзудба, Зүүн хоёр аймгийн чуулганы дарга, Баруун хоёр аймгийн суурин жасааны гүн, түшмэд, Нийслэл Хүрээ, Маймаа хотын Монгол, Иргэдийн хэргийг захиран шийтгэх түшмэл Лувсанцэрэн нарт тус бүр уг хэм хэмжээг дагаж мөрдөх тухай үүрэгжүүлсэн хэм хэмжээ тогтоосон байна. Ингэж бурханы шашны лам хуврагад аливаа этгээд дур мэдэн халдахгүй байх эрхийг хуульчлан баталгаажуулсан нь “Хоёр ёсны сургаал”[3]-ын “Номын засаг”-ыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэс нь болж өгсөн байна. Өөрөөр хэлбэл бурханы шашны үзэл буюу номын засгийг хэрэгжүүлэгчдийн эрхийг хуулиар хамгаалах гэсэн нь олон зуун жил тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсан монголчуудыг уг үзэл номлолын хүчээр нэгтгэн, тусгаар тогнолоо сэргээн, бататгах гэсэн төрийн бодлого байсан бололтой. Төрийн бодлогоо ингэж тодорхойлох нь ч зүйн хэрэг бөгөөд 1918 онд “Автономит Монголын монгол хүн амын яс тоо хагас саяас ялимгүй илүү (542504 хүн амтай байсан)”[4], “Тус оронд байгаа лам нарын нийт тоо 115 мянгад хүрдэг...”[5] гэсэн түүхийн мэдээнд үндэслэвэл нийт хүн амын бараг гуравны хоёр нь бурханы шашны лам хувраг байсан гэж үзвэл нийт хүн амын дотор тэдгээрийн эзлэх байр суурь нэлээд их байжээ. Гэтэл энэхүү зөвшөөрөл авах тухай зохицуулалтыг “ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг”-т оруулаагүй байна.
Энэхүү дүрмүүдэд Хүрээ, сүм хийдийн газар эмэгтэй хүн хэрхэн бие авч явах, мөн тэдгээрт баримталбал зохих аливаа үйлийг нарийвчлан зохицуулсан байна. 12-р зүйлийн Тэргүүн зүйлд хүрээнд эмс, охид хольцолдон суух, хороо харчууд (энгийн харц хүн) лам нартай арван тавны газрын дотор муу самуугаар явахыг хориглосон байна. Хэдийгээр хориглосон хэм хэмжээ тогтоосон ч хэрхэн ямар хариуцлага ногдуулах тухай уг дүрэмд заасангүй. Гэтэл лам нарын суусан Хүрээнд эмс, охид хольцолдон суухыг хориглосон заалт нь Манжийн 1795 оны “Монгол цаазын бичиг”-ээс эх үндэстэй бөгөөд үүнийг уламжлан “ЗТГМТЗЯЯ-ны Хууль зүйлийн бичиг”, “ЗТМУ-ийн Хууль зүйлийн бичиг”-т тус тус зохицуулсан байна. Энэхүү зохицуулалтыг харьцуулан авч үзвэл:
 
Аливаа лам нар Хороо харчуудын газраа хольцолдон муу самуун явахыг нь цагдан цээрлүүлэх учраа тогтоосон гучин хоёр зүйлийн дүрэм
mongγol čaγajin-u bičig (Эх бичгийн судалгаа) Тэргүүн дэвтэр. Галиглаж үгийн хэлхээ үйлдэн, эх бичгийн судалгаа хийсэн Б.Баярсайхан. Эрхлэн хэвлүүлсэн Ц.Шагдарсүрэн, Ж.Гэрэлбадрах УБ., 2004.227-228 дахьтал. 
Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг. Залруулан зассан нь. 1441 дүгээр зүйл. Ламын сүмд эмсийг халгаж агуулах нь. Хөх хот. 1989 он.
ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг. УБ., 1997. 147 дахьтал.
 
Хүрээний дотроо эмс, охид хольцолдон суухыг хэдийнэ цаазалсан ба мөн Хүрээний олон лам банди нарын дотроос ойр тойрон Хороо харчууд, гол хөдөө, арван тавны газарт сэлгүүцэн оршиж муу самуун явсан лам нарыг нэгэнт байцаан хураалгаж Хүрээнд оруулан чангалан захирсны тулд үүнээс урагш Хүрээнд дотроо эмсийг халган агуулах ба мөн аливаа лам нар Хороо хөдөө аль газар боловч эмс, охид лугаа хольцолдон муу самуун явахыг үүрд чангалан цаазалсугай.
Лам нарын суусан сүмийн гэрт эхнэр явахыг байлгасугай. Лам нар өөрийн суусан гэртээн эхнэрийг явуулбал халгаасан тэргүүн лам бол хоёр есөн мал, дэмч бол нэгэн есөн мал, гэлэн банди нар бол таван малаар торгож засагт авсугай. Одсон эмийн эр дотоод түшмэл иргэн бол хамтаар харъяат Явдлын яаманд тушаан өгч яллана.
Лам нарын суусан сүмд эмс явж болохгүй. Лам нар түүний суусан гэрт эмсийг явуулах бол халгаасан тэргүүн ламыг хоёр есөн мал, дэмчийг нэгэн есөн мал, гэлэн, банди нарыг таван мал авч албанд хадгалуул. Одсон эмийн нөхөр, дотоод газрын түшмэл, иргэн бол сэлтээр харъяат Журганд тушааж яллагтун.
Нэгэн зүйл. Аливаа лам нарын суусан сүм дор эмс учир үгүй явж болохгүй. Лам нар гэр дор эмсийг дэмий халгаж агуулах болвоос халгасан ламыг хоёр есөн мал торго. Байцаахыг алдсан сүмийн тэргүүн лам, гэсгүй албыг нэгэн есөн мал торгогтун. Одсон эмийн нөхрийг хамтаар засаг дор тушааж ял хэлэлцэгтүн.
 
Дээрх хүснэгтийг харьцуулбал 1780-аад оноос хойш 1920 оны эхэн үеийг хүртэл уг харилцааг зохицуулж байсан арга, түүнийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага нь хүртэл ижилхэн байсныг төвөггүйхэн ажиглаж болно. Өөрөөр хэлбэл энэхүү харилцааг Манжийн хуулиудын агуулгыг өөрчлөхгүйгээр Богд хаант Монгол улсын үед зохицуулж байжээ. Мөн уг дүрэмд “Хүрээний дотроо эмс, охид хольцолдон суухыг хэдийнэ цаазалсан...” хэмээн өгүүлжээ. Гэтэл энэхүү дүрмийг 1919 онд тогтоосон бөгөөд “Хэдийнэ цаазалсан” хэмээн 1818 онд баталж мөрдүүлсэн “ЗТМУ-ын Хууль зүйлийн бичиг”-ийн хүснэгтэд үзүүлсэн хэм хэмжээг дурьдсан байна.
Энэхүү 12-р дүрмийн зохицуулалт нь Манжийн үеийн эрх зүйн эрх сурвалжийн зохицуулалаас улбаатай байж болох талтай. Өөрөөр хэлбэл манжууд шашны зарим номлолд нийцүүлэн сахил санваартан хүний дагж явбал зохих "Монгол цаазын бичиг”-т буй хэм хэмжээг зааж өгсөн нь тухайн төрийн бодлогод шашны номлол, зан үйлийг хүлээн зөвшөөрч түүнийг төрийн цаазын хэм хэмжээ болгосноороо нэлээд онцлог юм. Тухайлбал: нэгдүгээрт: "Лам банди нар одсон гэртээ хонох ба тэргүүн ламд мэдүүлэх үгүй зоригоор явах", хоёрдугаарт: Чавганц лугаа явалдвал, гуравдугаарт: Лам нарын суусан гэрт эхнэрийг халгаах, дөрөвдүгээрт: Мүгдэн, Ширээт хүрээ, Хөх хот, Гадаад дөчин есөн хушуунд агч лам нар албан хүргэж ирэвч ном, гүрэм уншихаар өвчин засаж явавч өөр өөрийн захирах тэргүүн лам нар харъяат хушууг захирах ван, ноёдод мэдүүлж өдөр болзоод явах, тавдугаарт: Эр үгүй эхнэрийн гэрт хонох гэжээ[6]. Зөрчсөн этгээд иргэний цаазаар хамгаалагдсан нийгмийн харилцааг зөрчигч этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн нэгэн адил тэдгээрийн тогтсон хуулиар зөрчигч лам, хувраг, энгийн цагаан иргэдийг малаар торгох ял буюу ес суурьтай малын торгуулийн ял, ташуураар занчих, сахилыг нь эвдэх гэсэн үндсэн ялыг хэрэглэж хариуцлага хүлээлгэдэг байжээ. Тухайлбал: "Лам банди нар одсон гэртээ хонох ба тэргүүн ламд мэдүүлэх үгүй зоригоор явах ба лам нарыг авч одох хүн тэргүүн ламд хэлэхгүй авч одох ба гэрт хонуулах бол зоригоор явсан, хоносон лам бандиас гурваад есөн мал торгож засагт авсугай. Зоригоор авч одсон хүнийг харъяат Явдлын яаманд тушаан өгч яллуулсугай", гэтэл уг дүрэм, хуульд “Хүрээний дотроо эмс, охид хольцолдон суухыг хэдийнэ цаазалсан ба мөн Хүрээний олон лам банди нарын дотроос ойр тойрон Хороо харчууд, гол хөдөө, арван тавны газарт сэлгүүцэн оршиж муу самуун явсан лам нарыг нэгэнт байцаан хураалгаж Хүрээнд оруулан чангалан захирсны тулд үүнээс урагш Хүрээнд дотроо эмсийг халган агуулах ба мөн аливаа лам нар Хороо хөдөө аль газар боловч эмс, охид лугаа хольцолдон муу самуун явахыг үүрд чангалан цаазалсугай” гэж зохицуулсан нь ямар нэгэн хэмжээгээр уламжлан авч хэрэглэсэн нь ажиглагдаж байна. 
Ер нь энэхүү хууль, дүрэмд бурханы шашны лам хувраг, мяндагтан “Хороо харчууд”-ын газарт нэгд: алба амины өр нэхэх, хоёрт: юм оёулах, гуравт: хааяа ургийг үзээр одох, дөрөвт: аливаа хүн өвчин засуулах ном гүрэм унших, тавд: харъяат яамны олон албаны хүн нар Хүрээнээс лам урих гэсэн үндсэн таван зорилгоор тусгайлан олгосон тэмдэгт модонд учрыг бичиж “хороо харчууд”-ын газар буюу хүрээнээс гарч явах эрхтэй байжээ. Гэхдээ тэмдэгт модон бичиггүй явах явж болохыг “Хүрээний лам хөдөө ба хорооны газраа бүхий эх, эгч, дүүгийн ураг төрлийн эмс, охид лугаа золгох буюу ураг төрөл бус боловч энгийн зэрэг аар саар хэргийн учир уламжлан хэлүүлж харилцан учирсугай хэмээх нь буй аваас Хүрээ эргэх замыг хэмжээ болгож урьд байгуулсан тэмдэгт модны гадна учирсугай” гэж заасан байна. Гэтэл Монголын төр, эрх зүйн түүхэнд ингэж лам нарын асуудлыг нарийвчлан зохицуулсан эх сурвалж одоогоор бараг мэдэгдээгүй байна.
Харин эмс, охид нэгдүгээрт: Хүрээний дотроо Жибзандамба хутагтад мөргөх, хоёрдугаарт: жил бүр цагаан сарын арван дөрөвний Их Дүйцэнд Хүрээ сүмд хүж шатааж, эрхэм цаг жич, өргөл хүндлэл үйлдэж орон сүмд мөргөхөөр бол Эрдэнэ Шанзудбагийн яаманд мэдүүлж, Хүрээний өмнөх чөлөөгөөр арван тавны газрын цагдаа, Шавь яамны хиа нарын хяналтын дор уг мөргөлүүдийг үйлдэж, мөргөл дууссаны дараа Хүрээнээс гаргаж байхаар хуульчилсан байна[7]γ-a: 68a6; 77a10; 81b5; 82a2; 82a9; 82b9; 87a2; 87a9; 87b1; 88a4; 97a2; 99b3; okid-tur: 105a9;” гэж 22 удаа давтагдан гарч байгаа нь тэдгээртэй холбоо бүхий харилцааг тодорхой хэмжээгээр зохицуулж байсныг илтгэнэ. . Мөн үүний нэгэн адил жил бүр Майдар бурханыг залж Хүрээ эргэх, цам бүжиглэх жихар сор Хүрээний гадна залахад эмс, охидыг мөн дээрхийн нэгэн адил зохицуулан хүрээ хийдийн газар явахыг зөвшөөрч байжээ. Энд нэгэн зүйлийг дурьдахгүй өнгөрөхийн учиргүй хэмээн сэтгэж “эмс охид” хэмээх тусгайлан зохицуулсныг мөшгөж түүхэн баримт, мэдээнд үндэслэвэл “Өргөөгийн бараг бүх эмэгтэйчүүд янхан болох хэрэгт хүчин зүтгэж байна. Хот, том хийд бүрийн захад ярайсан олон гэр байх бөгөөд тэнд янхан хүүхнүүд бас зарим нь гэр орныхонтойгоо хам суух нь цөөнгүй. ... лам хүн эхнэр авахгүй гэж андгайлсан улс. Гэвч байгалийн жам дэндүү хүчтэй, бас тэр олон ламын гуравны нэг юм уу дөрөвний нэг нь шарын шажны жаягийг хатуу баримталж чадахгүй үгүйтэй байна гэж бодъё”[8] гэж тэмдэглэсэн нь эл үед зохицуулахгүй байхын аргагүй байдалд орж байсных. Гэхдээ И.Майскийгийн тэмдэглэснээр хэдийгээр “эмс, охид” “улс нийгмийн зохисгүй уур амьсгалын золиос” болж байсан хэдий ч төрийн бодлого, хууль цаазын зохицуулалтаас ангид байлгасангүй. Энэхүү хууль дүрэмд “эмс охид”-той холбоо бүхий нэр томъёо ”okid: 67b3; 90a4; 90a8; 99b9; okid-i: 82b6; 88b6; 89a9; 90b6; 94b2; okid-lu
Дүрмээр 60 насанд хүрсэн эмэгтэй сахил хүртэж “чавганц”[9] болж болох бөгөөд зөрчвөл зуун ташуур занчих ялаар шийтгэхээр заажээ. Ер нь Манжийн үеийн “Монгол цаазын бичиг”, “ЗТГМТЗЯЯ-ны Хууль зүйлийн бичиг”[10]-т тус тус энэхүү зохицуулалтыг анх оруулсан бололтой. Манжийн үеийн чавганц болохтой холбоотой эрх зүйн зохицуулалт нь аливаа эмэгтэй өөрийн дураар сахил хүртэж чавганц болохыг хориглосон бол, Богд хаант Монгол улсын үед тэрхүү зохицуулалтыг улам тодорхой болгож 60 нас хүрсэн эмэгтэй чавганц болж сахил хүртэх эрх нь нээлттэй болсон байна.
Ер нь уг хууль, дүрэмд чавганцтай холбоо бүхий нэр томъёо “čibqanča-i: (čabγanča-i) 88a10; čibqangča (čabγanča): 87b8; čibγangča: 94b1; 87b10;” гэж 3 удаа давтан хэрэглэж зохицуулсан нь нэгд: хууль, дүрэмд зааснаар 60 нас хүрсэн бол сахил хүртэж чавганц болох харин 60 насанд хүрээгүй бол эмс охидын нэгэн адил шийтгэхээр заасан хоёрт: нэгэнт хууль, дүрэмд зааснаар чавганц уг тогтоосон хэм хэмжээ зөрчсөн бол сахил эвдэж зуун ташуур жанчих, гуравт: хууль, дүрэмд зааснаар ”Хүрээний дотроо жаран нас хүрээгүй чавганц ба эмс, охидыг халган агуулж жич, архи уусан, пай хөзрийн зэрэг тоглоомоор наадсан хулгасан ба гал алдсан, тэмдэгт мод осол сул хадгалж омтгойтсон зэрэг хэрэг гарах нь болбаас, мөн байцаахыг алдсан аймгийн гэсгүйг нэгэн адил торгож шийтгэх гэсэн харилцааг зохицуулсан байна. 
Тухайн үед “Хүрээний газарт цаазалсныг зөрчиж архи, дарс уух ба улбар шар өнгийн хувцас өмсөж, цагдан байцаах албаны түшмэл, цэргүүдэд баригдан хүргэгдэж ирээд, өөр өөрийн харъяат газарт сахиулан хүлээлгэсэн эмс, охид цөөнгүй болсон” бөгөөд тэдгээр эмс охидод дүрэмд зааснаар туйван чавчирга занчих, үйлтгэх, цөлөх, алах ял ногдуулан дээрхи ялыг ”золио авах ял”[11]-аар солихоор заасан байна. Гэхдээ бүр нарийвчлан дараах байдлаар ялыг золихоор заасныг хүснэгтээр үзүүлбэл:
 
 
Тогтоосон ял
Золих мөнгөний хэмжээ
1.                   
арван туйван занчих
долоон лий таван хуугаас үүсгэн
2.                   
алах хоёр зэргийн ялд
таван цэн, хоёр пун, таван лий
 
Ял зольж авах хөрөнгө чинээгүй бол “Цаазын бичгийн ёсоор золио авч шийтгэх болохул доорд ухваргүй ардууд залхах цээрлэхийг үзэхгүй хэвээр тогтсон сурталд эрэмшин цалгардах нь илэрхий учирт хэрхэн хүндэтгэн шийтгэвээс зохих явдлыг тогтоож ирүүлмү хэмээн Бүгд ерөнхийлөн захирах яамнаа хуудас өргөн явуулсанд, цохож ирсэний дотроо эдгээр ял халдаж хүлээлгэн бүхий эмсүүдэд оноовоос зохих ул ялд золио авч шийтгэх мөнгөний лийг цэн болгон нэмэгдүүлэн хурааж цээрлэл үзүүлэн шийтгэвээс зохистой болов уу хэмээн ирсэн тухайд харъяат газраа тушааж шийтгүүлсэн зүйл буй бөгөөд одоо гагцхүү үүнээс урагш аливаа хүнд, хөнгөн ял халдаж, золио авч шийтгэвээс зохихыг нь уг цаазын бичгийн ёсоор шийтгэх буюу эсвээс энэхүү нэмэгдүүлсэн хэвээр хувьсган тогтоож журамлан дагаж шийтгүүлбээс зохих, алиныг нь зүй нь Зарлигийг гуйн айлтгаж хичээнгүйлэн дагаж явбаас зохихын тул шавь боолчууд хичээнгүйлэн хуудас бичиж хавчуулан айлтгаад, Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургаж дагаж явуулах ажааму”[12] хэмээн зохицуулсан нь ялыг золиж эс чадвал уг ялыг бүрэн эдлүүлж байх гэхдээ ял этгээд өршөөл үзүүлэхийг Богд эзэнд айлтгах эрхийг эдлүүлэхээр тогтоосон байна. Хэрэв Богд эзэнд ялт этгээдийг өршөөсөн эсвэл эс зөршөөрсөн тухай зарлиг буулгасан тохиодолд ”дөрвөн аймгийн чуулганы дарга, жанжин, Нийслэл Хүрээний Эрдэнэ Шанзудба, Нийслэл Хүрээ, Маймай хот, Хиагтын худалдааны монгол, иргэдийг захирах хэлтсийн түшмэл нар, зүүн, баруун өмнө хязгаарын сайдуудад нэгэн адил явуулан тушаагаад хүргэсээр өөр өөрийн харъяат газруудад уламжлан тушааж уг айлтгасан хэрэг буулгасан зарлигийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлсүгэй” мөн ”Бүгд ерөнхийлөн захирах зэрэг таван яам, Шашин төрд туслах сайдуудад тус бүр нэгэн адил явуулсугай” хэмээн тус тус заажээ. Богдын энэхүү зарлиг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ял шийтгүүлсэн этгээдийг ялаас чөлөөлөх талаар тогтоосон эрх зүйн акт байсан юм. Мөн нөгөө талаар Богд Живзундамба хутагт өршөөл үзүүлэх бүрэн эрхтэй байсныг харуулж байна. Энэ тухай “Дальный Восток” сэтгүүлд 1913 онд хэвлэсэн нэгэн өгүүлэлд Богд Живзундамба хутагтын эрх хэмжээний дотор ”өршөөл” үзүүлэх эрхтэй гэж заасан байсныг нотолж байна. 
“Тэмдэгт мод” хэмээн нэрлэх зөвшөөрлийг уг дүрмээр эзэмших эрх бүхий байгууллага, албан тушаалтныг дараах байдлаар үзүүлбэл:
 
1.        
Сайдууд таны яамнаа
7
2.        
Живзундамба хутагтын сан
5
3.        
Эрдэм итгэмжит сүмийн газар
3
4.        
Эрдэнэ Шанзудбагийн яам
15
5.        
Хамба Номун хан (газар)
1
6.        
Дэд лам (газар)
1
7.        
Эрдэнэ Шанзудба (газар)
1
8.        
Дүйнхэр хутагт (газар)
1
9.        
Цорж (газар)
1
10.    
Да лам (газар)
1
11.    
Хүрээнд суух Ялгуусан хутагт Номун хан
1 нэжгээд
12.    
Гучин аймгийн гэсгүй нарын газарт 
1
13.    
Хүрээн бүхий Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн суурин жасааны газарт
 
3-аад
14.    
Баруун хоёр аймгийн хэрмэлийг захирах жасааны газарт
1 нэжгээд
15.    
Хүрээнд суух ван Цэрэнбаавайн дэргэд
1
16.    
Мөн тэдний Дүнжингарав шүтээний тахил талбиж, ном унших ламд барьж явуулах
1
17.    
Вангай аймгийн газарт
(Хэд байх нь тодорхойгүй)
 
Энэхүү “Тэмдэгт мод”-ыг “Эрдэнэ Шанзудбагийн газар”-аас дээрх нэр бүхий 17 газарт олгодог байжээ[13]. “Тэмдэгт мод” хэмээх “пайз”-д: нэгдүгээрт: хэргийн учир, хоёрдугаарт: одох газрын нэр, гуравдугаарт: олгосон өдөр, дөрөвдүгээрт: цагийн хэмжээг тус тус тодорхойлон бичсэн байх ёстой ажээ. “Тэмдэгт мод” буюу зөвшөөрөл олгохдоо хүссэн этгээд өөрийн харъяат аймгийн “гэсгүй” нараар уламжлан дээрх эрх бүхий байгуулллага, албан тушаалтанд ханддаг бөгөөд түүнийг нь хянан нягталсны эцэст зөвшөөрөл олгож байжээ. Гэсгүй энэхүү үүргээ биелүүлээгүй бол малаар торгох ял ногдуулдаг байна. 
“Тэмдэгт мод” олгохоос гадна “Үнэмлэх” хэмээх бас нэгэн зүйлийн зөвшөөрлийн бичиг олгож байсан бөгөөд үүнийг нэгдүгээрт: хөдөө газар ургийг үзэхээр явах, хоёрдугаарт: рашаан усанд орж бие засах, гуравдугаарт: бусад орон, сүмд мөргөн аялах бол тус тус харъяат аймгийн дацан, аймгийн гэсгүй нарт мэдүүлж үнэмлэх хуудас бичиг олгон явуулж байжээ. Тэрхүү үнэмлэхэд хэрэг учир, олгосон хугацааг тов тодорхойлон бичсэн байх учиртай.
Энэхүү зохицуулалтыг зөвхөн лам нарын тухайд л хамаатай гэж үзэж болохооргүй байна. Эрх зүйн онолын хувьд аливаа эрх зүйн харилцаа зөрчигдвөл түүнд гэм буруутай этгээдүүдэд зөрчлийн хэр хэмжээнээс хамаарч хариуцлагыг оногдуулдаг бөгөөд энэхүү хориглосон харилцааг зөрчсөн хэн бүхэнд хариуцлагыг нас хүйс, лам, хар гэхээргүйгээр ногдуулахаар тогтоосон нь тухайн үеийн эрх зүйн сэтгэлгээ хэр зэрэг түвшинд хүрсэн байсныг илтгэнэ. “Хороо харчуудын газар”-т дүрмээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд тэмдэгт модгүй явах, эсвэл эмс охидтой дүрэмд зааснаас бусад тохиолдолд хольцолдон суусан лам нарт хариуцлага хүлээлгэхээр заасан бол харин тэрхүү лам нартай холбогдсон эмс, охидыг хэрхэх тухай дүрэмд заахдаа “Хүрээнд зоргоор орсон ба Хороо харчуудын зэрэг газраа аливаа лам нарыг халган агуулсан эмс охидыг ... дахин Хүрээний харъяат газраа ирүүлж оршин суулгахгүй болгосугай. ... эмсийг хорин шаахай занчиж залхаахыг үзүүлсүгэй” гэх мэтээр заасан байна.
Гэтэл ”Тэмдэгт мод”-ыг хүндэтгэх шатгаантайгаар буюу ”Аливаа Хороо харчуудын газраа явж баригдсан Хүрээний лам банди нарын дотроо үнэхээрийн төрсөн эцэг, эх, ах, дүүгийн зэрэг садан төрлийн хүн түргэн түүхий өвчинд тохиолдсон учраа айн бачимдаж, олон албаны газраа мэдүүлж тэмдэгт модыг хүлээн авах эрхгүй яаран мэгдэн үнэхээр очсон ба мөн эмчлэн засах ном унших лам нар огт гэм учиргүй нь хааяа байх болзошгүй тул аливаа цагдан байцаах олон албаны хүн нар, хэрэв энэ мэт хэрэг тохиолдвоос шууд барихыг олон албаны хүн нар, хэрэв энэ мэт хэрэг тохиолдвоос шууд барихыг түдгэлзэж”[14] Эрдэнэ Шанзудбагийн яамнаа гэрчлэн мэдүүлгээр ирүүлж тус яамнаас магадлан байцааж хэрхэхийг шийдвэрлэн буруугүй бол ”Тэмдэгт мод”-ыг нөхөн олгож буруутай бол бэрээгээр занчуулан зуунтаа мөргүүлэх ял ногдуулдаг байжээ. Харин санааны дураар шалтаг хийж хуурмаглан явах нь буй аваас, хэн мэдсэн хүн үтэр барьж хүргээр ирүүлээд нягтлан шүүн тодорхойлж муу самуун явсан зэрэг нэмүүлэх дүрмийн ёсоор цээрлүүлэн шийтгэхэд бэлтгүүлсүгэй.
Энэхүү 12-р дүрмээр лам хувраг номын ёс буюу сахилаа умартан нэгдүгээрт: муу сурталд шунах, хоёрдугаарт: дураар гэзэг тавьж хар дүрмийн хувцас хэрэглэж явсан бол дөчин таван өдөр дөнгө дөнгөлж, бандан хэсүүлж зуун ташуур занчин, дахин лам болгож аймгийн гэсгүйд тушаан өгч 200 өдөр Цогчин хуралд өнжүүлэлгүй хуруулж, өдөр бүр 200 удаа мөргөл үйлдүүлэх ялаар шийтгэхээр заасан байна. Ялангуяа уг дүрмээр лам нар Хүрээ хийдийн газар хуралд хурах, багшид учирч ном заалгах, өгүүлэлдэх, Хүрээ эргэн буян үйлдэх зэрэг хэрэгт нийтийн эзэмшлийн гудамж талбай, пүүс, зээлийн газраар “өглөө наран гарсны хойно их хурал хурахын урьд буюу эсвэл хурал тарсны дараа оройн наран шингэхээс урьд явтугай”[15] хэмээн үүрэг болгосон хэм хэмжээ тогтоосон байна. Гэтэл монголын уламжлалт хууль цаазын эх сурвалжид лам хуваргын үйлдэлд нарийн дэг журам тогтоосон зохицуулалт бараг байсангүй.
Мөн Их Хүрээ, Гандантэгчлэн хийдийг хулгай худлаас сэргийлэх, гал түймрийн аюулаас сэргийлэх зоригоор хашааны арван хаалга тутамд нэг дарга сонгон тавьж шөнө бүхэн хоёр хүн харуул, манаа хийж байх тухай журам тогтоосон, энэхүү тогтоосон журмыг аливаа хэлбэрээр зөрчигсдийг хатуу шийтгэхээр заасан байжээ. Ингэж зохицуулсан нь үндсэндээ түүхэнд аливаа гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх албадлага байсан гэдгийг илтгэх түүхэн баримтын нэг юм[16].
Богд хаант Монгол улсын үеийн “Жинхэнэ дагаж явах хууль дүрэм”-үүдээр зохицуулсан “Лам хувраг”-тай холбоо бүхий харилцаа нь нэгдүгээрт: урьд өмнөх хууль цаазын онцлогуудыг бүрэн хэмжээгээр хамарсан, хоёрдугаарт: “хос ёсны сургаал” түүний үзэл баримтлалыг тодорхой хэмжээнд тусгасан, гуравдугаарт: бурханы шашны зан үйлийг хууль зүйн үзэл сэтгэлгээний төвшинд бататган хамгаалсан шинжүүд тус тус шингэсэн байна.
Монгол төр, эрх зүйн түүхэнд холбогдох нэгэн чухал сурвалж нь Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын үеийн буюу 1913-1918 оны хооронд үйлчилж байсан “Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм” юм. Энэхүү эх сурвалж нь “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-ийг үйлчлэх хүртэлх нийгмийн харилцааг зохицуулж байжээ.
Уг хууль цаазын сурвалж нь хэд хэдэн онцлогтой байна. Үүнд:
1.       Энэхүү дүрмээр Монгол улсын хууль цаазын шинэчлэл хийх үндэс суурь тавьсан байна. Өөрөөр хэлбэл 200 гаруй жил оршин тогтносон Манж Дай Чин гүрний хууль цаазын сэтгэлгээ халж Монгол үндэсний хэв шинж онцлог бүхий хууль цаазын тогтолцоог бүрэлдүүлэх эхлэл тавигдсан юм. Тийм ч учраас “Жинхэнэ дагаж, явах хууль, дүрэм”-ийн судалгааны үнэ цэнэ үүгээр тодорхойлогдоно.   
2.       Энэхүү дүрэм нь Монгол хууль цаазын уламжлалыг өөртөө агуулж уламжлан хөгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн аж ахуй хөтлөх онцлог түүний хэв шинжид түүхийн урт удаан хугацааны явцад шалгарсан “ес суурьтай торгууль” буюу малаар торгон шийтгэх ялыг хэрэглэж харин тухайн ялын бүтцийг “Шавь яамны Халх журам”-ын нэгэн адил байхаар зохицуулсан байж болох талтай. “Шавь яамны Халх журам” нь Богдын Их шавийн хүрээнд үйлчилж байсан учраас 1709 оны “Гурван хушууны их цааз” буюу “Халх журам”-ын агуулгад бурханы шашны лам хуврагатай холбоо бүхий хэсгийг бага зэрэг өөрчлөн 1770 оноос хойш “Шавь яамны Халх журам” хэмээн нэрлэж бараг 1925 он хүртэл Богдын Их шавь, отгуудын хүрээнд мөрдөж байсан байдаг.
3.       Энэхүү хууль, дүрмийн зарим нэгэн хэм хэмжээ нь Манж Дай Чин улсын үеийн “Монгол цаазын бичиг”-ийн агуулгыг тодорхой хэмжээгээр авч хэрэглэсэн байна. Энэ нь олон зуун жилээр нэгэнт тогтсон хэв ёсыг шууд өөрчлөн зохицуулах боломжгүй байсныг харуулж байгаа бөгөөд зарим тохиолдолд хүнд ялыг хөнгөн ялаар солих зэргээр өөрчилж байсан нь өөрсдийн хууль цаазын шинэ тогтолцоо бүрэлдэх, шилжихэд түр зуурын шинжтэй буюу хууль цааз болгон хэрэглэж байсан бололтой гэж бид үзлээ.
4.       Тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор лам нарын асуудлыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр нарийвчлан зохицуулсан нь энэхүү дүрмийн гол онцлог юм.
5.       Уг хууль, дүрэмд “отог” хэмээх засаг захиргааны нэгжтэй холбоо бүхий харилцааг зохицуулсан нь бас нэгэн онцлог юм. Өөрөөр хэлбэл отгийн зохион байгуулалт нь эл үетэй холбоотой биш бөгөөд урьд өмнө нь оршин байсан засаг захиргааны нэгж билээ. Манжийн хууль цаазад “отог” түүнтэй холбоо бүхий харилцааг бараг зохицуулж байгаагүй бөгөөд зарим судлаачид манжууд отгийн доторх нийгмийн харилцааг зохицуулж чадаагүй тул тэр үеийн хууль цааз монголд үйлчлэх боломжгүй байсан гэж дүгнэсэн байдаг.
6.       Уг хууль, дүрэмд урьд өмнө Монголын төр, эрх зүйн түүхэнд хэрэглэж байгаагүй үйлдвэр хийлгэх, бэрээгээр занчих, шар шувтлах, аймгуудын бандан хэсүүлэх, хүрээ хийдийн хог шороо цэвэрлүүлэх, манз цав бэлтгүүлэх зэрэг ял, шийтгэлийн хэлбэрийг шинээр оруулж ирсэн байна. Ингэж шинээр ял, шийтгэлийг хэрэглэх болсон нь тухайн үеийн нийгмийн харилцааны онцлог, урьд өмнөх үеийн ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлсэн зэрэг төрийн бодлоготой шууд холбоотой юм.
 


[1] Дилав Хутагт. Ар монголын улс төрийн дурдатгал. УБ., 1990. 28 дахь тал.
[2] Майский И. Орчин үеийн Монгол (Автономит монгол XX зууны гараан дээр) УБ., 2001. 38 дахь тал.
[3] “Хос ёсны сургаал” ч гэж бас бичсэн нь цөөнгүй бөгөөд “Арван буянт номын цагаан түүх” хэмээх төр, хууль цаазын тулгар эх сурвалжид цэгцтэйгээр авч үзсэн байдаг. Энэхүү эх сурвалжийг Хубилай хааны төрийн үзлийг тусгасан гэж судлаачид үздэг. Хоёр ёсыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол хэлбэр нь номын засагт бурханы шашны номлол, шашны хэм хэмжээ агаад тэрхүү номлол нь судар номоор хэлбэржиж тарнийн хүчийг олж аливаа муу зүйлийн үндэсийг сэтгэлийн орчилд гэгээрүүлж, арван хар нүгэл, таван хорын цээрлэл дэнслүүлэн номын засгийг хэрэгжүүлдэг харин ертөнцийн засгийг эзэн хааны зарлигаар явуулж, тэрхүү хэм хэмжээг зөрчигсдөд хатуу хариуцлага хүлээлгэдэг байна. Өөрөөр хэлбэл “Хоёр ёсыг” хэрэгжүүлэхэд номын болон ертөнцийн засагт нэг ижил арга байгаа нь “албадлагын” арга хэмжээ юм.  
[4] Майский И. Орчин үеийн Монгол (Автономит монгол XX зууны гараан дээр) УБ., 2001. 26 дахь тал.
[5] Майский И. Дээр дурьдсан бүтээл. 351 дэх тал.
[6] mongγol čaγajin-u bičig (Эх бичгийн судалгаа) Тэргүүн дэвтэр. УБ., 2004. 226 дахь тал
[7] Аливаа лам нар Хороо харчуудын газраа хольцолдон муу самуун явахыг нь цагдан цээрлүүлэх учраа тогтоосон гучин хоёр зүйлийн дүрэм. 22 дахьзүйл.
[8] Майский И. Орчин үеийн Монгол (Автономит Монгол XX зууны гараан дээр). УБ., 2001. 56 дахьтал.
[9] 1. шашны сахил авч лам болсон эмэгтэй; Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. УБ., 1966. 810-р тал: Эхнэр хүн гэрээс гарч, ламын адил шар, улааныг нөмөрч бурханыг тахихыг нь чавганц хэмээнэ. Хорин нэгтийн тайлбар толь. 1977. Хөх хот. 762 дахьтал.
[10] a. Нэгэн зүйл. Аливаа дотоод, гадаад эхнэрийг чавганц үл болгоно. Зоригоор чавганц болгох бол зоригоор лам, банди болгох хууль ёсоор ялла. mongγol čaγajin-u bičig. (Эх бичгийн судалгаа). УБ., 2004. 70 дахь тал. 
b. Монгол эм охин зоригоор чавганц болж болохгүй. Зөрөх нь буй бөгөөс бас ч зоригоор банди болсон хууль ёсоор шийтгэгтүн. Хууль зүйлийн бичиг. Залруулан зассан нь. 1440 дүгээр зүйл. Монгол эм, охин зоригоор чавганц болсон нь. Хөх хот. 1989 он.
[11] Манжийн үеийн цаазын бичигт анх хэрэглэж байсан ял шийтгэлтэй холбоотой ойлголт. Тухайлбал: Цаазаар авах ял шийтгэлтэй этгээдийг нэгдүгээрт: Алах ялыг хөнгөн ялаар солих, хоёрдугаарт: Алах ялтай этгээд өршөөл хүсэж Явдлын яаманд мэдүүлэх, гуравдугаарт: Золио авах буюу алах ялыг малаар сольж орлуулан амийг хэлтрүүлэх гэсэн гурван хэлбэрээр ялыг хөнгөвчлөн сольж байжээ (МЦБ. Арван хоёрдугаар дэвтэр. 21 дэх зүйл. Алах ялт хүнийг үрлэгийг эш татаж үрэх нь. 22 дахьзүйл. Аливаа алах ялт хүн амь авартугай хэмээн Явдлын яаманд сөгдөх нь. 23 дахьзүйл. Алах ялт хүнийг зольж авах нь). "Халуун амь" хэмээн нэрлэх алах ялт хүний эхнэр, хүүхдийг мөн нэгэн адил арван наснаас дээш нуган хөвгүүн, охин тутамд хоёр есөн малаар зольж ялаас хэлтрүүлж байв. Ялтан эхнэр, хүүхдээ зольж авах боломжгүй бол түүний ялыг мөн золио авч хэлтрүүлдэггүй байна.
[12] Аливаа цаазалсныг зөрчин явагчдад ял оноовоос зохих, уг ялд золио авч шийтгэх мөнгөний лий-г цэн болгон хураахаар хувьсган тогтоосон дүрэм.
<
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2009-03-21 -

Бичсэн: Зочин
neg heseg yernhiilogch enhbayar-g shuumjilj bsan da, tor shashiniig hoslogch yumuu, end tend l, shashinii asuudal deer yavj bh yum geed l.

ene talaar bgam bh gsen chini bas tiim bish yum a da
Бичлэг



:-)
 
xaax